G-TIME сүлжээний захирлыг хилээр гарах гэж байхад нь саатуулжээ

Казакстан улсаас Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-ны өдөр “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.

Түүнийг  G time гэх сүлжээнд Монгол Улсын  олон мянган иргэнийг элсүүлж  мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр баривчилсан байна.


Түүнд хилийн хориг энэ сарын 10-ны өдөр тавигдсан байжээ. Мөн түүний эхнэр гэх эмэгтэй  хилийн хориг тавьсан өдөр Монгол улсын хилээр гарч явсан байна. 

Саяхан  буюу энэ сарын 7-ны өдөр  UB palace-д шилдэг лидерүүдэд автомашин гардуулах ёслолын ажиллагаа  гэх сүржин үйл ажиллагаа болсон. Энэ үеэр тус сүлжээний Монгол дахь захиралд Ж.Марат  “Өнөөдөр манай корпорацийн түншлэгч нарын баярын өдөр тохиож байна. Бидний хамтрагч нарын шилдэгүүд автомашины түлхүүр гардан авна. Энэ бол бидний ажлын үр дүнг харуулах арга хэмжээ юм. Зөвхөн нэг удаа “Жи Тайм” корпорацийн бүтээгдэхүүн худалдан авснаар маш том хэмжээний шагнал урамшуулал авах боломжтой гэдгийг харж болно. Хэрэв та бидэнтэй хамтрахыг хүсвэл эхлээд компаниа судлаад, суралцаад, хоёр талын гэрээ байгуулснаар харилцан зөвшилцөж байж элсэн ордог. Түүний дараа компанийн бүтээгдэхүүнээ худалдан аваад , дараа нь бүтээгдэхүүнээ сурталчилж, өөрөөсөө хоёроос гурван гишүүн урьснаар амжилтанд хүрэх боломж нээгдэж байгаа юм. Олон мянган хүмүүс манай компанийг санхүүгийн пирамид хэлбэрээр мөнгө угаадаг гэж андуурч ойлгодог. Энэ бол маш өрөөсгөл ойлголт юм. “Жи Тайм” бол өөрөө үйлдвэрлэгч компани юм" гэх  зэргээр ярьжээ.

Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа ба эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдий хэмжээний мөнгө  угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажилллагаа хийж байгаа гэнэ. 

G time нь Казахстаны санхүүжилтээр дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж байгаа төсөл  гэх. Монголд 2015 оны  арваннэгдүгээр сард орж ирсэн бөгөөд Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчууд хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP аж.  

Хамгийн багадаа 135 мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэн, 8,000 ам.доллар авах боломжтой гэж сурталчилдаг.
Б.Сондор 
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.