С.Ганбаатар: Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна


МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,  "МАХН-аас 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар би мэдэгдлээ хүргүүлж байна. Энэ сонгуульд улс орныхоо хувь заяаны төлөө сонголтоо хийсэн. Харамсалтай МАНАН иргэдийн сонголтыг луйвардлаа. Сонгогч олон түмэндээ баярлалаа гэдгээ юун түрүүнд илэрхийлье. Энэ бол олон Монголчуудын олон жил хүсч хүлээж байсан зүйл.

МАНАН төрийн дээд эрх мэдлийг барих Монголчуудын сонголтыг луйвардаж төрийн дээр сандаалсаар л байсан. Шударга бусаар төрийн эрхийг булааж авч байгаа явдалтай эвлэрч болохгүй. Хоёр нэр дэвшигч хандив цуглуулах шаардлага байхгүй. Урьдчилаад ард түмнээс идчихсэн болохоор шаардлагагүй. Бид цагаан сонгууль, шударга сонгууль хийсэн. Хулгай хийх бол муухай. Хулгайч байн байн хулгай хийгээд гаршаад байвал хулгайд юмаа алдаж байгаа хүн муу байна гэсэн үг. Сонгуулийн хамгийн сайн тал нь хулгайчдын хулгай хийх арга ил боллоо.

Саяны сонгуульд ямар нэгэн булхай байгаа эсэхийг мэдэхийн тулд дахин санал хураалт явуулах ёстой. СЕХ эрх  баригчдын гар хөл болсон. Маргаантай байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулахыг шаардаж байна.

Хэрэв СЕХ хоёр дахь шатны сонголт явуулахаар улайран зүтгэвэл шударга байдлыг хүсэгчид иргэд аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй. Саналын хуудсыг цагаан хэвээр нь уншуулахыг уриалж байна.

Сонгуульд сайн хүн оролцохгүй бол муу хүмүүс оролцож биднийг зовоосоор байх болно. Харыг хараар зайлуулдаг юм. Цагаан сонгуулийн хувьсгалыг эхлүүлэхийг уриалж байна. Ингэвэл Монголын улс төрд үүр цайна. Үүнийг олон олон сонгогчдодоо уриалж байна. МАНАН-д хатуу анхааруулж хэлье. Монголын ард түмнийг дахиж битгий басаарай. Иргэдийн таван арван төгрөгөөр худалдаж авна гэдэг басамжлалаа зогсоо" гэв.

МАХН-ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ ӨРСӨЛДСӨН С.ГАНБААТАРЫН МЭДЭГДЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

Юуны түрүүн  Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн санал хураалтад идэвхтэй оролцож саналаа өгсөн сонгогчдод талархал илэрхийлье. Та бүхэн Монголд Улсад

-шударга ёсыг сэргээн тогтоох,

-ард түмэн эх орондоо жинхэнэ эзэн суух,

-байгалийн баялгаас бүгд тэгш хүртэх боломжтой болох,

-төр засгийн байгууллагын бүх шатанд хариуцлага тогтоох,

-улс төрийн нам, улс төрчид амалсанаа заавал ажил хэрэг болгодог улс төр-ёс суртахууны өндөр соёлыг тогтоох,

-авлига хээл хахуулийг устган арилгах,

-төр засгийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан болон байгаа хүмүүс оффшорт хөрөнгө мөнгөө нуусныг илрүүлэн олж Монголд буцаан авчирч МАН-АН-ын удирдлагын балмад ажиллагааны улмаас үүссэн их өр ширийг дарах зэрэг их үйл хэргийг бүтээхийн тулд өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсаныг сайшаан тэмдэглэж байна.

Ялангуяа МАН ба АН-ын нэр дэвшигчдийн аль аль нь их хэмжээний мөнгө тарааж, сонгогчдын саналыг худалдан авах гэж улайран оролдсон ч тэдний хулгайн аргаар олсон мөнгөнийхөө өчүүхэн төдий хэсгийг зарцуулан хууль бус байдлаар Төрийн тэргүүний өндөр сэнтийг худалдан авч эзэгнэн суух гэж санаархсаныг үл дэмжин саналаа өөрийн чин сэтгэл, итгэлийн дагуу “Өөр гарц байна. Бидэнд итгэ”, “Гэрээгээ 100 хувь биелүүлнэ. Бидэнд итгэ” гэсэн уриатай МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар миний төлөө өгч иргэний эр зориг гаргасан сонгогчиддоо гүн талархал илэрхийлж байна.

Жинхэнэ эх оронч сонгогчид ийм олон байгаа цагт Монголд улс төрийн МАН-АН арилж, нар мандана гэдэгт огт эргэлзэхгүй байна.

Харамсалтай нь МАН-АН-ынхан сонгогчдынхоо саналыг сурсан зангаараа ард түмний нүдэн дээр харсаар байхад нь СЕХорооны гишүүдтэйгээ хамт ичгүүр сонжуургүй луйвардлаа. МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар миний бие шударга ард түмэнтэйгээ хамт Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялсан гэж үзэж байна. Харин одоо СЕХ энэ сонгуулийн сурталчилгааны кампанит ажлын үеэр болон санал хураалтын явцад гарсан зөрчлүүдийг арилгалгүйгээр луйврын сонгуулийг хүчээр тулган явуулах тохиолдолд дүн нь гагцхүү МАН-АН-д ашигтай, харин ард түмэнд хохиролтой гарах нь дэндүү ойлгомжтой байгаа тул ийм луйврын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. Миний энэ саналыг шударга ёсыг бат бэх тогтоохыг ус агаар мэт хүсэн хүлээж буй сонгогчид, нийт ард түмэн дэмжиж энэхүү сонгуулийн луйврыг таслан зогсох шударга үйл хэрэгт хамтран зүтгэнэ гэдэгт итгэж байна. Хэрэв МАН ба АН-ын нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн сонгуульд шударга өрсөлдөн шударгаар ялсан бол би хамгийн түрүүн баяр хүргэх байсан юм. Харамсалтай нь МАН ба АН-ын нэр дэвшигчдийн аль аль нь энэхүү Ерөнхийлөгчийн сонгуулийг СЕХорооны хүүхэлдэй нарынхаа шууд болон шууд бус оролцоотойгоор хар ПиАр, луйвар булхай болгон хувиргасныг өнгөрсөн хоногуудад монголчууд өөрийн нүдээр харсан. 

Одоо энэхүү луйвар булхайг таслан зогсоохын тулд СЕХ

-сонгуулийн луйвар булхай болсон тухай ямар нэгэн баримт байгаа хэсгүүдэд дахин санал хураалт явуулах,

-МАН ба АН-ын нэр дэвшигчидтэй холбоотой гарсан зөрчлийг нэгд нэгэнгүй нарийвчлан шуурхай шалган буруутныг нь олон тогтоож хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж байна.

Хэрэв СЕХ энэхүү шударга шаардлагыг үл биелүүлж, МАН-АН-ын захиалгаар ард түмнийг басамжлан хоёрдох шатны буюу дахин санал хураалт явуулахаар улайран зүтгэвэл шударга ёсыг хүссэн, гэхдээ МАН ба АН-ын алиныг нь ч дэмжихгүй байгаа сонгогчид маань санал хураалтад оролцохдоо Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.9, 99дүгээр зүйлийн 99.2-т “Сонгогчнэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно. ”(97.9), “сонгогч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тооцно.”  гэж тус тус заасны дагуу буюу Та бидний саналыг луйвардсан, шударга санал өгөх боломжийг хаасан МАН ба АН-ын нэр дэвшигчдийн алиныг нь ч дэмжилгүй, саналын хуудсанд ямар нэгэн тэмдэглэл хийлгүй цагаан хэвээр нь үлдээж хар машинд хийхийг уриалж байна.

Ингэснээрээ шударга ёсыг эрхэмлэгч сонгогч Та хар ПиАр, луйвар булхай, МАН-АН-ын дарангуйлал, хариуцлагагүй байдал, төр засгийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлогыг ийнхүү цагаан хуудсаараа зогсоож, Монгол Улсдаа шударга ёсыг сэргээн тогтоох их үйл хэрэгт өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулна.

Таны иргэний эр зориг, зарчимч байр суурь яг одоо хэрэгтэй байна. МАН ба АН-ын аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй Цагаан хуудасны хувьсгал хийцгээе, Монголчуудаа.

Шударга ёс мандтугай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна