Казахстаны шинэ Ерөнхийлөгчөөр Касым-Жомарт Токаев сонгогдлоо


Казахстанд өчигдөр /2019.06.09/ болсон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд  өдгөө төрийн тэргүүний албыг хашиж байгаа Касым-Жомарт Токаев олонхийн санал авсан байна. Сонгуулийн төв байгууллага албан ёсны дүнг зарлаагүй байгаа ч судалгааны байгууллагууд санал хураалтын дараа сонгогчдоос авсан санал асуулгынхаа дүнг олон нийтэд танилцуулжээ.

Шинжлэх ухааны судалгааны “Молодежь” төвийн тэргүүн ням гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр Касым-Жомарт Токаевын төлөө сонгогчдын 69,94 хувь нь саналаа өгсөн гэдэг санал асуулгын дүн гарч байгааг мэдээлсэн байна. Тус төвийн хийсэн санал асуулгад 300 хэсгийн хорооны 12 мянган сонгогч хамрагджээ. Энэ төвийн санал асуулгын дүн олон нийтийн санаа бодлыг судлах өөр нэг байгууллага болох “Общественное мнение” батлаж, Касым-Жомарт Токаев 70,13 хувийн санал авах судалгааны дүн гарч байгааг зарлажээ.

Казахстаны эрх баригч Нур-Отан намаас нэр дэвшсэн Касым-Жомарт Токаев нь тус улсын төрийн тэргүүний суудалд 28 жил суусан Нурсультан Назарбаев халаагаа өгсөний дараа болж байгаа сонгуульд өрсөлдсөн долоон нэр дэвшигчийн нэг нь юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна