Л.Наранцэцэг: Битүүмжлэл сайтай орчинд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, харилцагчдад хүргэх нь хамгийн чухал


Монгол улсын зөвлөх инженер,“Талх чихэр”ХК-ийн Нарийн боов, чаналгын үйлдвэрийн дарга Л.Наранцэцэгтэй ярилцлаа

Айлд зочлоход тавгийн идээн дээр нь  манай бүтээгдэхүүн  байхад чин сэтгэлээсээ байрладаг.

 Хүнсний үйлдвэрт ажиллана гэдэг хүн хооллож байгаагаас ялгаагүй учраас буянтай ажил гэдэг юм билээ. Таны хувьд одоогийн энэ  хүнсний салбартаа хэрхэн холбогдсон бэ?

Би гурилан бүтээгдэхүүний салбарт 30 дахь жилээ ажиллаж байна. Эмээ, ээжийн хийсэн боорцог идэж өссөн болохоор гэрийн боорцогтой миний хүүхэд нас салшгүй холбоотой. Тийм ч учраас Монгол уламжлалт гэрийн боорцгийг техник технологийн тусламжтай сайжруулж хүмүүст хүргэж байгаадаа баяртай байдаг. Өдөр бүр хүний идэх дуртай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болохоор хамгийн буянтай ажил ч гэж боддог. Энэ хугацаанд 30 гаруй бүтээгдэхүүнийг зохиож үйлдвэрлэлд нэвтрүүлж байснаас 7 бүтээгдэхүүнд зохиогчийн эрхийг авсан байдаг.

30 жил нэг салбартаа тасралтгүй ажиллана гэдэг үнэхээр зорилготой хүний зан байх. “Талх чихэр”ХК-нд ямар ажлыг хийж  байгаад одоогийн албан тушаалыг хашиж байна?

Миний хувьд ОХУ-д талх чихэр, гоймонгийн  инженер технологич гэсэн мэргэжлээр сурч төгсөж ирээд 1989 онд  “Талх чихэр” ХК-нд чихрийн үйлдвэрийн ажилтнаар гурван жил ажиллаж байгаад дараа нь гоймонгийн үйлдвэрийн технологич, үйлдвэрийн дарга, лаборатори, чанарын хяналтын албаны дарга, ерөнхий технологич гэсэн мэргэжлээр ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд нарийн боовны үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Бүтээгдэхүүний технологитой холбоотой ажлыг 30 жил тасралтгүй хийж байна. Энэ мэргэжлээ анх сонгохдоо өөрөө чихрэнд дуртай болоод ч тэрүү талх, чихрийн мэргэжлээр сурах болсон гээд их л баярлан догдолж байлаа.

Таны хувьд ам бүл хэдүүлээ вэ?

Ах дүү зургуулаа. Дөрөв нь инженер мэргэжилтэй, хоёр нь Монгол улсын зөвлөх инженер цолтой. Харин тусдаа гарснаас хойш ам бүл дөрвүүлээ болсон. Ханьтайгаа оюутан байхдаа танилцаж нэг гэр бүл болсон.

Олон жил технологитой холбоотой ажил хийж байгаа болохоор гурилан бүтээгдэхүүнийг гаднаас  хараад л  хүн шинжиж байгаа  юм шиг л хэлэх байх гэсэн сэтгэгдэл төрж байна.

Мэргэжлийн  онцлог л доо.  Гурилан бүтээгдэхүүний алдааг хараад юунаас болсон байна гээд оношлоноо. /инээв/

Гурилан бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байгаа хүний хувьд  ямар  бүтээгдэхүүнээ  хэрэглэх дуртай вэ?

Урт савхан, аяны боорцгийг амралтын өдрөө лагерь дээрээ очингоо сүүтэй цайтай холиод идэх дуртай. Манай эмээ их олон ач нартай. Тэднийгээ тойруулж суулгаад л цайлдаг байсан яг тэр дурсамжийг сэргээдэг юм. Сахар багатай гурилан бүтээгдэхүүнд дуртай хүмүүс нарийн савханг авч идэх дуртай байдаг юм билээ. Миний  хамгийн том ах бол нарийн савханг  анх үйлдвэрлэгдсэн цагаас нь хойш авч хэрэглэж байгаа үнэнч хэрэглэгч. Өөр нарийн боовыг идээч гэхээр үгүй  нарийн савханг л иднэ гээд байдаг юм.

Таны идэх дуртай бүтээгдэхүүнүүд голдуу чанамал бүтээгдэхүүнүүд шиг санагдлаа.

Тиймээ.Чанамал бүтээгдэхүүн нь бидний хэрэглэж заншсан уламжлалт бүтээгдэхүүн шүү дээ. Түүнээс  гадна бусад бүтээгдэхүүнээс тосонд чанадгаараа онцлогтой. Өдөр бүр л хэрэглэдэг.

Иргэд хүний эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү  давамгай болсон  байна. Тосны хувьд  бусад үйлдвэрт хэрэглэж байгаа тосноос юугаараа ялгаатай вэ? Чанамал бүтээгдэхүүний хувьд тос их чухал байх.

“Талх чихэр”ХК-ийн хувьд түүхий эдүүд дээрээ өндөр шаардлага тавьдаг. Хүмүүс гурилыг шилж сонгож авлаа гээд гайхаад байдаг юм. Чаналгын бүтээгдэхүүн дээр гурил, тос хоёр бол хамгийн чухал. Манай  байгууллагын хувьд транс  тосны  агууламжгүй тосыг  үйлдвэрлэгч улсаас нь  захиалж авдаг. Мөн олон улсын лабораторид чаналгын тосны дээж болон тэр тосонд чанасан бүтээгдэхүүнээ явуулж шинжилгээнд  явуулж баталгаажуулдаг. Монголын нөхцөлд  транс  тосыг тодорхойлоход нэлээд хүндрэлтэй. Транс тосыг европын холбооны улсуудад  хориглосон. Бид нар далдуу модноос гаргаж авсан тосоор  бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна.

Нийт бүтээгдэхүүний хэдэн хувийг чанамал бүтээгдэхүүн эзэлдэг вэ?

Нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 25 хувийг чанамал бүтээгдэхүүн эзэлдэг. Манай үйлдвэрийн хувьд олон онцлогтой. “Талх чихэр”ХК  чаналгын  үйлдвэрийн тоног төхөөрөмжийг  Итали улсын Canolфирмд захиалгаар нийлүүлсэн. Монгол улсдаа анх удаа чанамал бүтээгдэхүүнийг урсгал автомат шугамаар үйлдвэрлэж байна. Чаналгын тосыг 2 аргаар  шүүдэг төхөөрөмжийг  хийж  суурилуулсан. Гэрийн нөхцөлд хуушуур, боорцог хайрдаг тосны ёроолд хар шаар тунаж үлддэг, тэрийг нь хусаж хаяад дахин  хэрэглэдэг байсан. Энэ шаталтаас үүссэн үлдэгдэл нь хүний биед сөргөөр нөлөөлдөг учраас чанах явцад тасралтгүй шүүж цэвэрлэж байх ёстой. Тунгааж  шүүх төхөөрөмжийг суурилуулснаар  аюулгүй цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрэлдэж байнаа гэсэн үг юм.

Та түрүүн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээс  урт савхан бүтээгдэхүүнээ сүүтэй холиод идэх дуртай гэлээ. Юугаараа  бусад чанамал  бүтээгдэхүүнээс ялгаатай вэ?

 Монгол шар тосоор амталдаг учир өрмөөр зуурсан гэрийн боорцогны амт шууд л амтагдана. Дээд гурилаар хийсэн. Би бол байнга  энэ бүтээгдэхүүнээ идэх дуртай. Ялангуяа  хөдөө  орон нутагт авч явахад хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн гэж хэлмээр байна. Мөн хадгалах хугацаа урттай.

Манайх лабораторийн аргаар бүтээгдэхүүний хадгалалтанд туршилт хийж хадгалах хугацааг тогтоогддог. Дээр нь уг бүтээгдэхүүний чийг,тослог,чихрийн агууламжаас хамаараад хадгалалтын горимыг стандартаар  зааж өгсөн байдаг.

 “Талх чихэр” ХК-ийн хувьд чанар гэсэн үндсэн зарчмыг барьж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Хувь хүний зан ааш бүтээгдэхүүний амт чанарт хэр  нөлөөлдөг юм бол.

 Хүнс хийж байгаа учраас хэзээ ч үүнийг халтуурдчихья гэсэн бодол төрдөггүй. Яаж чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэв гэж бодож явдаг. Чанар бол нэгдүгээрт. Харахад гоо үзэмж талаасаа үнэр амт хэлбэр дүрс анхаарал татахуйц байх ёстой гэж боддог. Хоёрдугаарт орц найрлага харшил төрүүлчихгүй байхаас гадна эрүүл ахуйн талаасаа баталгаатай байх. Гуравдугаарт хүнсний аюулгүй байдал талаасаа  хордуулчихгүй байх нь хууль.  Энэ үүднээс бид  түүхий эдийн чанарт маш их анхаарал хандуулдаг. Бүтээгдэхүүнийг нэг идээд хаях биш насан туршийн хэрэглээ байх ёстой. Чанар гэдэг түүхий эдээс авахуулаад технологийн явц, зөв дадалтай ажилчид бүгд хамаардаг. Бүтээгдэхүүний шаардлагыг мэддэг ажилчинтай байна гэдэг бүтээгдэхүүн чанараа хадгалан хэрэглэгч  дээр хүрэхэд маш  их нөлөөлдөг. Хүнсний бүтээгдэхүүн  учраас тээвэрлэж байгаа  машинаа хүртэл бид ариутгаж борлуулалтанд гаргадаг. Харилцагч  байгууллагын лангуун дээр хэрхэн хадгалахаа хүртэл бид тайлбарлаж өгдөг. Битүүмжлэл сайтай  орчинд бүтээгдэхүүн үйлдвэрлэн, харилцагчдад хүргэх нь хамгийн чухал.

  Нарийн боовны хэдэн хувь нь зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн  байдаг вэ?

  20 шахам хувь нь зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн байдаг. Хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн хивэгтэй, хошуун тариан боов, эрүүл мэндийн цуглуулга, бүхэл  үрийн сүүт гээд олон бүтээгдэхүүн бий. Бүхэл  үрийн гурил нь  хүний эрүүл мэндэд ач тустай давуу чанар олонтой. Бид хүний эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнүүдийг аль болох олноор үйлдвэрлэхийг эрхэмлэж технологио олон улсын жишигт хүргэхийн төлөө өдөр бүр хичээж ажиллаж байна.

Баярлалаа. Би өөрөө гурилан бүтээгдэхүүн идэх дуртай. Тийм ч учраас танай үйлдвэртэй танилцахыг илүүд үзлээ. Амжилт хүсье.

Баярлалаа танд ч бас.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна