Гүржид цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашиглажээ


Гүржийн Дотоод хэргийн яамны тусгайгийн ажилтнууд нийслэл Тбилисийн төвд, парламентын байрны өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн хүмүүс рүү хүч хэрэглэжээ. Энэ үеэр буун дуу гарсан тухай Гүржийн “Пирвели” суваг баасан гарагт мэдээллээ.

Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Жагсагчид ч бууж өгөлгүй, гартаа тааралдсан зүйлсээр зэвсэглэж, цагдаа нар руу дайрчээ. Тусгайгийнхан жагсагчдыг бүх талаас нь бүсэлж, усан буугаар буудсан байна. Мөн хэд хэдэн жагсагчийг баривчилжээ. Энэ үеэр 52 хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл байна.

Тбилиси хотод пүрэв гарагт хэдэн мянган жагсагч парламентын дарга, Дотоод хэргийн сайдаа огцрохыг шаардаж, парламентын байрны өмнө жагссан юм. Олон нийтийг хамарсан ийм жагсаал өрнөсөн нь Оросын Төрийн думын гишүүн Сергей Гаврилов болон бусад төлөөлөгчид Олон улсын үнэн алдартны шашинтны ассамблейн 26 дугаар Ерөнхий хуралд оролцсонтой холбоотой. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Гаврилов Гүржийн парламентын даргын суудалд сууж, хурлыг нээсэн нь сөрөг хүчнийхний эгдүүцлийг төрүүлсэн байна. Тэд парламентын даргын суудал дээр Оросын төлөөлөгчийг суулгасан нь Гүржийг доромжилсон үйлдэл гэж үзжээ.



Ингээд сөрөг хүчний гишүүд хурлыг орхин гарч, хуралдааныг зогсооход хүрчээ. Үүний дараахан радикалууд парламентын байрыг эзлэн авч, Гавриловыг усаар шүршиж, бичиг баримтыг нь булаан авахыг оролдсон аж.

Жагсагчид Оросын төлөөлөгчдийг нэн даруй улс орноос нь гарахыг шаардсан байна. Оросын төлөөлөгчид ч нэн даруй Москва руугаа нисчээ. Түүнчлэн жагсагчид энэ үйл явдалд хариуцлага хүлээх ёстой хэмээн парламентын дарга болон Дотоод хэргийн сайдаа огцрохыг шаарджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна