Ж.Должинсүрэн: Хөгжлийн бодлогыг цогцоор нь хардаг институци байх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газрын ажилтан Ж.Должинсүрэнг урьж ярилцлаа.

ХАМТЫН ХҮЧЭЭР ТОГТВОРТОЙ ХӨГЖИХ ЁСТОЙГ ТОМЪЁОЛСОН 

-Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, тэр дундаа XX зууны хөгжлийн түүхийг харахад илүү бүтээмжтэй эдийн засаг руу чиглэж байна.

Өөрөөр хэлбэл, 1990-ээд оноос эхлээд эдийн засгаас гадна хүний сайн сайхан руу чиглэж байж хөгжил хангагдаж байгааг дэлхий дахинаас гадна НҮБ бодлогодоо тодорхойлсон. Ингэж хөгжлийн гол төвлөрөх ёстой зүйл бол хүний хөгжил юм гэдгийг илтгэл тайлангаараа дамжуулж байна. Дэлхийн улс орнуудын хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг  Мянганы сорилтын сангаас хөгжлийн найман зорилтоор илэрхийлсэн. Хөгжиж байгаа орнууд тулгамдсан асуудлаа энэ зорилтуудаар дамжуулан шийдвэрлэх боломжийг 2000-2015 он хүртэл бий болгосон юм.

Мянганы сорилтын сангийн хөгжлийн бодлогуудыг хөтөлбөртөө хэрхэн тусгаснаас хамаараад улс орон бүрт үр дүн янз бүр байлаа. Өнгөрсөн 15 жилд хөгжлийн хөтөлбөрөөс ямар сургамж, үр дүн олж авав гэдгээ дүгнэж, цэгнэсний үндсэн дээр хөгжлийн цөм нь зөвхөн эдийн засаг, нийгэм биш юм. Хөгжлийн асуудлыг нэгээр нь биш эдийн засаг, нийгэм, байгаль орчин гээд бүхий л салбартай нь уялдуулж цогцоор нь авч үзэх ёстой гэсэн хэлэлцүүлэг дэлхийн улс орнуудын хэмжээнд эрчимтэй өрнөсөн.

Үүний үр дүнд улс орнуудын хөгжлийн хандлага тогтвортой хөгжил рүү чиглэх ёстой гэж үзэж улс бүр хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан. Хөгжсөн, хөгжиж буй гэж ялгахгүйгээр бүх улс орон хамтын хүчээр тогтвортой хөгжих ёстойг томъёолж 17 зорилго 169 зорилт, үр дүнг нь хэмжих үзүүлэлтүүдийг гаргаж, 2015 оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар 193 орны төрийн тэргүүн баталсан байдаг.

Юуны түрүүнд тогтвортой хөгжлийн зорилтыг олон нийтэд таниулах нь чухал. Тогтвортой хөгжлийн зорилт гэхээр дэлхий нийтийн юм уу НҮБ-ын тусдаа зорилт мэт ойлгогдоод байдаг. Гэтэл тогтвортой хөгжлийг хангах зорилго, зорилтуудад ядуурал, бүх шатны боловсролд сургуулийн хүртээмж чанар, эрүүл мэнд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хөдөлмөр эрхлэлт, төр засгийн институцийн тогтолцоо, засаглал гээд Монгол Улсад тулгамдаж байгаа бүх асуудал багтана. Монгол Улс үүнийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд нийгэмд тулгамдаж байгаа асуудлаа зөв төлөвлөж, санхүүжүүлж чадах юм бол тогтвортой хөгжих бололцоо үүснэ. Жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлт маш хурдацтай явагдаж эргээд хүний амьдралд сөргөөр нөлөөлж  дэлхий нийтийн өмнө тулгамдаж байна.

Манай улсын хувьд ч гэсэн эдийн засгийн бүтэц уур амьсгалын  өөрчлөлтөөс  хамааралтай. Монголын эдийн засаг бүхэлдээ эмзэг. Уул уурхайн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзэл буюу гадны нөлөөллөөс хамаарна. Эдийн засгийг бүрдүүлдэг бас нэгэн томоохон салбар бол хөдөө аж ахуй. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд зэргээр байгалийн гамшгийн давтамж нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын байдал дэлхийн дунджаас хэд дахин өндөр байна.

Манайх шиг хүйтэн уур амьсгалтай оронд дулаарах нь сайн юм шиг хэрнээ илүү их эрсдэл, сөрөг үр дагавартай. Эдийн засгаар дамжиж хүмүүсийн амьдралд нөлөөлж байгаа учраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах төрийн бодлого оновчтой байх ёстой.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ  ЧУХАЛ

Блиц

Боловсрол:

-Жамбалын Должинсүрэн.

-1996 онд МУИС-ийг эдийн засгийн бакалавр

-2002 онд Нидерланд улсын Гааги хот дахь Ерасмусын Их Сургуулийн Хөгжлийн Институтыг Хөгжлийн эдийн засгийн магистр.

-Одоо  төрийн бодлогын чиглэлээр докторын зэрэг горилж байна.

Ажлын туршлага:

-1996-2001 онд Үндэсний статистикийн газар, Санхүү эдийн засгийн яаманд мэргэжилтэн

-2003-2006 онд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагт зөвлөх, эдийн засгийн бодлогын шинжээч

-2006-2017 онд НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрт эдийн засагч, хөтөлбөрийн менежер

-2017-2019 онд Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга

-2019 оноос НҮБ-ын суурин зохицуулагчийн газар ажиллаж байна

-Тогтвортой хөгжлийг хангахын тулд эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшлийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг төрийн манлайлал  чухал. Тухайлбал, хөгжлийн тулгамдаж байгаа асуудал болох ядуурлыг бууруулахад зөвхөн эдийн засаг талаас нь анхаараад үр дүнд хүрэхгүй. Харин эдийн засаг, нийгэм, байгаль орчин талаас нь цогц байдлаар авч үзэх шаардлагатай. Тэдгээр асуудлуудын зангилаа, уялдааг хэрхэн гаргаж ирэх вэ гэдгийг шинжлэх ёстой.

Шинжлэх ухааны үндэслэлтэй тоон мэдээлэлд тулгуурласан анализ хийж байж урт, богино, дунд хугацаанд юу хийх хэрэгтэйг шинжилсний үндсэн дээр бодлогоо томьёолох зэргээр энэ бүхнийг хийхэд төр манлайлах учиртай юм. Үүний тулд хамгийн эхэнд тогтвортой хөгжил гэж юу юм гэдэгт нийтээрээ нэгдсэн ойлголттой болох хэрэгтэй. Хоёрдугаарт, цогц асуудлын хамаарлыг судалж төр, хувийн хэвшлийн оролцоог хангахад мөн л төр манлайлах үүрэгтэй. Үр дүнг бодлогодоо үе шаттайгаар суулгаж өгч хэрэгжүүлэх зэргээр дараалалтайгаар оролцох ёстой.

Төр манлайллаа хэрэгжүүлэхэд мэдлэг, зохицуулалтын чадавхи хэрэгтэй. Гэтэл өнөөдөр аль алин дээр нь дутагдалтай байгаа. Тухайн улс орны төрийн бодлого төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах чадавхиас тогтвортой хөгжлийн зорилт хэрэгжих эсэх нь хамаардаг. Монгол Улсын хувьд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо хэр зөв байгаа нь үүний илэрхийлэл юм.

Зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийг харахад хөгжлийн бодлого төлөвлөдөг, зохицуулдаг механизм алдагдсан. Төр ямар ч чадавхигүй болсон учраас өнөөдрийн нөхцөл байдлаас харахад тогтвортой хөгжлийн зорилго Монголд амжилттай хэрэгжихэд хүндрэлтэй байна.

ОЮУНЛАГ ХҮМҮҮСЭЭС БҮРДСЭН БАЙНГЫН ИНСТИТУЦИ ТӨРД ҮЙЛЧИЛЖ БАЙДАГ

-Тогтвортой хөгжлийн зорилгыг улс орондоо амжилттай хэрэгжүүлж байгаа эсэх нь төрийн чадавхи, механизмаас хамаардаг.  Бодлогоо хянаж, боловсруулж, үе шаттай төлөвлөж чаддаг улс орнууд тогтвортой хөгжилд ахицтай явж байна. Манайхтай ойролцоо хөгжиж буй улс орнуудаас  Малайз бол улс орныхоо хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, хянадаг бие даасан институцитэй. Өнөөгийн Япон, Солонгосын хөгжлийг бий болгосон түүх ч мөн адил цэгцтэй, төлөвлөгөөтэй төрийн бодлогыг бүрдүүлж чадсан явдал.

Цэгцтэй бодлоготой, чадавхи бүрдүүлж, үүргээ тодорхойлж, бусдыг манлайлж чадсан төртэй улс орнууд тогтвортой хөгжиж байна. Монгол Улсад хөгжлийн тулгамдаж байгаа асуудлуудыг дурдах юм бол дуусахгүй. Өнгөрсөн 30 жилд засаглал, төрийн механизм ажиллаж чадаагүй учраас бараг бүх салбар жижиг гэлтгүй хөгжлийн тулгамдсан асуудал болсон. Системийн гажуудлаас үүссэн учраас асуудал бүрийг нэг нэгээр нь барьж авч өөрчлөх боломжгүй. Харин засах ёстой зангилаа гол амин судсаа барьж авах шаардлагатай.

Тэр амин судас бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоо системийг сайжруулах юм. Ингэж чадвал гажуудал аяндаа засагдаад явна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог сайжруулахын тулд Монгол Улс яаж алсын хараатай хөгжих юм. Алсын хараагаа хэрхэн томьёолж,  түүхий эдээс гадна оюун ухааны хэр их нөөц боломж буйгаа тодорхойлох хэрэгтэй. Өгөгдсөн боломжид тулгуурлаад урт, дунд хугацаанд хөгжлийн ямар үр дүн авчирч болохыг тооцож нэн тэргүүнд юу хийж болох вэ гэдгээ тооцох, үр дүнд хүрэх замын зураглалаа гаргаж ирэх ёстой юм.

Мөн салбар бүр тусдаа бодлоготой байх биш улсаараа нэг зүгт харсан эрхзүйн орчин нөхцлийг бүрдүүлэх чухал. Тухайлбал, уул уурхайн салбарын бодлого боловсон хүчин бэлтгэх, дэд бүтэцтэй хэрхэн уялдаж байгааг гаргаж ирж чиглүүлэх хэрэгтэй. Энэ бүх хөгжлийн нэгдмэл байдлыг хэн хариуцах вэ гэхээр Монгол Улсын урт, дунд, богино хугацааны бодлогыг уялдуулж нэгдмэл байдлыг хангадаг институци байх ёстой. Төрийн дэргэд хөгжлийн бодлого гаргадаг эрдэмтэн судлаачдаас  бүрдсэн бүтэц ажиллавал илүү үр дүнтэй.

Ингэж байж татвар, гадаад худалдаа, захиргааны  механизм ямар байх ёстой юм гэдэг нь тодорхой болно. Төрд цогц бодлого гаргаж төлөвлөж өгдөг институци нь тогтвортой, чадавхитай, хариуцлагатай байдаг. Монголын хөгжлийн бодлого тодорхой болчихвол хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй болно. Үүний нэг жишээ бол Солонгосын хөгжлийн алсын хараа бодлогыг цогцоор нь гаргаж байдаг оюунлаг хүмүүсээс бүрдсэн байнгын институци төрдөө үйлчилж байдаг. Тэдний судалгаа, хөгжлийн гарц гаргалгааг төр нь ашигладаг.

Бодлого гэхээр урт хугацааных гэж ойлгож, түүнийг нь хийчихвэл сайхан болох юм шиг ярьдаг. Монгол Улсын өнөөгийн гажуудал, бодлого төлөвлөлтийн асуудал урт хугацааны хөгжлийн бодлогогүйгээс болоогүй. 1990 оноос хойш сайн, муу дөрвөн удаагийн урт хугацааны бодлоготой явж ирсэн. Эдгээр бодлогууд яагаад хэрэгжээгүй юм гэхээр уялдаа, нэгдмэл цогц байдлыг хэн хангах юм гэдгийг тодорхой болгох тогтолцоо бүрдээгүй учраас цаас болж үлдээд байна. Энэ удаагийн хөгжлийн бодлого ч гэсэн урт хугацаанд нь цэгцтэй төлөвлөхгүй бол түрүүчийнх нь шиг цаас болоод үлдэх магадлалтай.

Харин сайжруулахын тулд төлөвлөлтийн тогтолцоог тодорхой болгож, эрхзүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Монгол Улс алсын хараатай, үе шаттай төлөвлөлттэй, зохицуулалттай байж хөгжлөө хангах ёстойг Үндсэн хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийнхөө хуульд зөв суулгаж өгөх хэрэгтэй. Бусад уялдаж гардаг хуулиудад ч давхар зохицуулах юм. Үүнийг Үндэсний хөгжлийн газар олж харж Монгол Улсад хөгжлийн зохицуулалтыг хангахын тулд Үндэсний хөгжлийн газраас Хөгжлийн бодлого  төлөвлөлтийн хуулийн  шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгосон.

Мөн хөгжлийн цөм нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог зөв гаргаж ирэхийн тулд одоогийн хэлэлцэж байгаа Үндсэн хуульд саналаа хэлж байгаа. Зөвхөн дотоодод биш НҮБ-ын зүгээс нэгдмэл уялдаатайгаар Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд анхаарч байна. Дэлхийн хэмжээнд НҮБ-ын шинэчлэл хийгдэж байгаатай холбоотойгоор суурин төлөөлөгчийн газрыг өргөтгөж НҮБ төрөлжсөн байгууллагаараа дамжуулж дэмжлэгээ уялдуулж, чадавхижуулах ажлыг хийж байна.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.11.4  ДАВАА  №218  (6185 )

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.