"Буянт-Ухаа 2" орон сууцны цахим бүртгэл 14 хоног үргэлжилнэ


“Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр энгийн журмаар түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглахаар болсон. Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл даваа гарагаас буюу энэ сарын 22-нд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн орон сууцны корпорациас мэдээлэл хийлээ.

Түрээсийн орон сууцны цахим бүртгэл энэ даваа гарагаас эхлээд, 14 хоног үргэлжилж, наймдугаар сарын 5-нд дуусах юм байна. Энэ үеэр НОСК-ийн захирал Б.Сүхбаатар “Багш, эмч гэх мэт хэн нэгэнд квот өгөхгүй. Мөн түрүүлж, сүүлд бүртгүүлсэн гэх мэтээр эрэмбэлэхгүй. Шаардлагыг хэрхэн хангаж байна вэ гэдгээс л хамраана. Тэтгэвэртээ гарсан ахмад багш бол ахмад гэдэг ангилалд, ажиллаж байгаа багш бол төрийн албан хаагч гэсэн ангилалд бүртгэнэ. Аль нэг байгууллага, мэргэжилд давуу эрх үүсэхгүй. Цахим ертөнцөд мөн худал мэдээлэл түгээд байна. Иргэдийг түүнд хууртахгүй байхыг хүсье. Одоогоор “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд нэг ч айл ороогүй, ямар ч гэрчилгээ өгөөгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэлээ. Мөн тэрбээр, энэ ажил агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой тул гэр хорооллын иргэд л орно гэдгийг онцоллоо. Түүнчлэн орон гэргүй иргэд энэ байранд цахимаараа бүртгүүлээд орох боломжтой. Тэдэнд нийгмийн даатгал хамаарахгүй аж. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хариуцаж байгаа бөгөөд бүртгэл дууссаны дараа иргэдийг байранд орох эсэх ажлыг Орон сууцны сонгон шалгаруулах комиссын зөвлөл хуралдаж шийдвэрээ гаргах нь.

 “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд гурван төрлийн байр байгаа юм байна. Тухайлбал, байрууд нь 68.39, 49.39, 39.39 ам.метрийн хэмжээтэй аж. Түрээслээд өмчлөх хэлбэрийн байр нь ам.метр нь 1.4 сая төгрөг юм байна.Хэрэв 30 хувиа төлөөд байрандаа орсон бол хамгийн багадаа сард 280 мянган төгрөг төлөөд өмчлөх боломжтойг хэллээ. Харин хамгийн дээд хэмжээндээ сард ам.метрээсээ шалтгаалаад 1.6 сая төгрөг төлөөд өмчлөх гэнэ. Өмчлөхгүйгээр энгийнээр түрээслэвэл, ам.метрээсээ шалтгаалаад сард 137-411 мянган төгрөг төлөх гэнэ.

Эдгээр байрыг түрээслэхтэй холбоотой журам баталсан. Журамд хэрхэн заасныг доор хүргэе ээ.

Түрээсийн орон сууцанд хэн хамрагдах вэ?

Журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгажээ.

Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20%

Төрийн албан хаагч- 25 %

Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч- 20%
18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5%
Өрх толгойлсон эцэг, эх- 5%
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15%
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5%
Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн- 5%

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.

Харааны бэрхшээлтэй-1%
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1%
Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1%
Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1%
Бусад-1%

Түрээсийн орон сууцанд яаж хамрагдах вэ?

Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулжээ. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсвэл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгасан аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна