НОК: Түүхий нүүрс хэрэглэсэн иргэн аж ахуйн нэгжийг 12,6 сая төгрөгөөр торгосон

Нийслэлийн онцгой комиссоос сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэв.

ЯНДАНГАА САЛГАХГҮЙ, ӨРХӨӨ БҮТЭЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙ АНХААРУУЛЖ БАЙНА

Угаарын хийн хордлогын дуудлага өгсөн иргэдийн нөхцөл байдлыг судлахад хэд хэдэн шалтгаан байгааг нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй анхаарууллаа.Тэрбээр, "Хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд  дөрвөн дүүргээс 7 өрхийн 12 иргэн угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон дуудлага ирсэн. Үүнээс 6 хүүхэд 6 насанд хүрэгчид. Сүүлийн үед дуудлагын шалтгаан нь яндангаа салгасан. Өрхөө бүтээсэн хэд хэдэн шалтгаан байна. Харамсалтай нь шахмал түлшийг хэрэглэж байгаа тохиолдолд өрхийг хэзээ ч бүтээж болохгүй. Иргэддээ үүнийг онцгой анхааруулж хэлмээр байна. Дээрээс нь яндангаа салгаж  хонох нь битгий хэл пийшин зуухны завсар сиймхийг сайтар бөглөж байх ёстой. Агаар сэлгэлтийг байнга шалгаж байх. Хаалт сойлтуурыг хаалттай хонохгүй байх ёстой. Гэтэл иргэд маань шахмал түлш галлаж хонохдоо яндангаа салгах, өрхөө бүтээх тохиолдлоос хүнд хэлбэрээр хордох тохиолдол гарч байна" гэсэн юм. 

ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭСЭН ИРГЭН АЖ АХУЙН НЭГЖИЙГ 12 САЯ 650 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОСОН

Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан Улаанбаатарыг тойрсон 7 товчоогоор нийт 129 тээврийн хэрэгслийн 3542,6 тонн түүхий нүүрс зөвшөөрөгдсөн бичиггүйгээр орж ирснийг буцаасан. Мөн зөвшөөрөлд заасан хэмжээнээс хэтрүүлэн ачсан 13 тээврийн хэрэгсэл байсан.  10 сарын 15-аас 11 сарын 06-ны хооронд түүхий нүүрс түлж байгаа 39 гомдол, мэдээлэл ирсэн. Үүнд хуулийн дагуу арга хэмжээ авсан. Үүнээс 9 нь сайжруулсан түлш хэрэглэж байгаа нь тогтоогдож 30 нь түүхий нүүрс түлж байсан зөрчил илэрсэн.  Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийт 12 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. 20,7 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Амгалан ДЦС-д хүлээлгэн өглөө. МХЕГ-т түүхий нүүрс хэрэглэж байна гэх дуудлага багагүй ирж байгаа" гэлээ.  

Т.Дашмаа

 

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.