Ү.Амарбат:Цэцийн даргын үйлдэл ганц удаагийнх уу, олон удаагийнх уу гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоох ёстой

Сүүлийн өдрүүдэд Үндсэн хуулийн Цэцийн даргын дуулиантай холбоотойгоор олон нийтийн дунд ажлын байрны  бэлгийн дарамт, түүнээс үүдэн гарч буй асуудлууд, хууль эрхзүйн орчны талаар хөндөгдөж эхэллээ. Энэ талаар “Хуульч зөвлөж байна” булангийн автор, хуульч, судлаач Ү.Амарбаттай ярилцлаа.

-Манай улсад ажлын байрны бэлгийн дарамтанд маш олон эмэгтэй өртөж, хохирч байгаа нь нууц биш. Өнөөдөр энэ асуудал хөндөгдөхөд хууль, эрхзүйн орчны асуудал давхар яригдаж байна л даа. Энэ төрлийн дарамтанд өртөж, хохирч байгаа хүмүүс өөрсдийгөө хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан судалгааны тайланд ажлын байрны бэлгийн дарамтанд өртөж буй нийт хүмүүсийн 3 хувийг эрэгтэй, 97 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн мэдээлэл бий.

 Удирдах албан тушаал эрхэлж байгаа хүмүүс тэр дундаа эрчүүд удирдлагандаа ажиллаж байгаа юмуу ижил түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байгаа юм.

Харамсалтай нь, талуудын хэн, хэн нь үүнийг байх ёстой зүйл мэтээр хүлээж авдаг нийтлэг байдал бий болчихсон.

Товчхондоо, эрчүүд удирдлагандаа ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд янз бүрийн байдлаар бэлгийн дарамт үзүүлж байгааг эмэгтэйчүүд аргалаад эсвэл туулаад өнгөрөөх ёстой зүйл мэтээр хүлээн авдаг.

Зарим нь бүр карьер өсгөх боломж гэж хардаг болчихсон байгаа нь хамгийн том алдаа. Өмнө нь хуулиар ажлын байрны бэлгийн дарамт нь гэмт хэрэг байсан. Гэтэл 2017 онд энэ заалтыг холбогдох хуулийн гэмт хэргийн зүйл ангиас хассан. Өөрөөр хэлбэл, бусдад ажлын байрны бэлгийн дарамт учруулах нь гэмт хэрэг биш болсон.

Үүнийг хуулийн хүрээнд чангаруулах шаардлагатай. Саяхан БНСУ-д ҮХЦ-ийн даргатай холбоотой асуудал хэвлэл мэдээллээр цацагдсанаар бусдад бэлгийн дарамт үзүүлэх, зүй бус үйлдэл гаргах нь олон нийтийн анхаарлын төвд орчихоод байна.

 Өнгөрсөн жил олон улсад бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийтэд ил болгох зорилгоор “Me too” хөдөлгөөнийг өрнүүлж байсан.

Энэ нь ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн эсвэл өртөж болзошгүй нөхцөл байдалд байгаа эмэгтэйчүүд дээрх хөдөлгөөн шиг жишээнүүдийг ил болгох, илэрхийлж гаргах, магадгүй нэрээ нууцалж байгаад харъяа байгууллагуудад хандаж тэмцэх хэрэгтэй.

 Нөгөө талаар ийм асуудал болж л байдаг юм чинь гэсэн хандлагаар хандаж даамжруулдаг хүмүүсийн эсрэг нийгмийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулах зэргээр тэмцвэл олон нийтийн дургүйцэл, жигшил зэвүүцлийн дараагаар тэд үйлдлээ хянаж, татаж эхэлдэг. Ингэснээр тодорхой түвшинд ажлын байрны бэлгийн дарамт буурах нөхцөл бүрдэнэ.

 

-Ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн нь тогтоогдвол ямар хариуцлага хүлээдэг вэ?

Эрүүгийн хуулийн хүрээнд ял шийтгэл байхгүй болчихсон. Энэ нь гэмт хэрэг биш учраас Захиргааны арга хэмжээгээ аваад, зөрчлийн хувьд торгуулийнхаа шийтгэлийг хүлээдэг. Гэхдээ энэ асуудлаас болж торгуулж, шийтгэгдэж байсан нь монголд ховор.

-Дээр дурьдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Солонгосын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэгт холбогдсон. Түүнийг өчигдөр БНСУ-ын Инчеон хотын цагдаагийн газар саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа. Эл хэрэгтэй холбоотойгоор МУ-ын нэр хүнд Олон улсын тавцанд унаж байна. Хуульч хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Төрийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байгаа, хуулийг ягштал дагаж мөрдөх, мөрдүүлэх учиртай албан тушаалтнууд нь өөрсдөө бусдад бэлгийн дарамт үзүүлнэ гэдэг бол зарчмын хувьд огт байж боломгүй зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, түүнийг томилох эрх бүхий байгууллагууд Үндсэн хуулийн цэцийн ажилтнуудад өмнө нь ийм асуудал тулгарч байсан уу гэдгийг өргөн хүрээтэй шалгах ёстой.

Тодруулбал, ҮХЦ-ийн даргын зохисгүй үйлдэл онгоцонд болсон ганц удаагийн явдал уу, эсвэл олон удаагийн үйлдэл байна уу, тэр нь тухайн хүний байнгын байрлаж ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцэд байсан уу гэдгийг бид зэрэгцээ мөрдөн байцаах ажиллагаагаар тогтоох нь цаашид энэ асуудлыг даамжруулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Энэ нь нийгэмд том цочроо, сануулга болоод зогсохгүй дараа дараагийн түвшинд дахин зохисгүй асуудал гарахаас сэргийлэх боломж бололцоо бий болно.

Нөгөө талдаа ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаа эмэгтэй ч бай эрэгтэй ч бай хүмүүс асуудлыг тухай бүрт нь таслан зогсоох, эсэргүүцэх, илэрхийлэх эр зоригтой баймаар байна.

Магадгүй ажлын байраа алдчихна гэдэг ч юмуу тодорхой шалтгаанаар бэлгийн дарамтанд өртсөнөө нуун дарагдуулах нь асуудлыг улам л хүндрүүлнэ.

Ер нь ажлын байрны  бэлгийн дарамт, зохисгүй үйлдлийг ил болговол үйлдсэн албан тушаалтанд илүү хохиролтой гэдгийг мэдэж байх юм бол иймэрхүү тохиолдлуудыг даамжруулахгүй байх, таслан зогсоох боломжтой.

ҮХЦ-ийн даргын гаргасан үйлдэл бол гадаад улс оронд эх орныхоо нэр хүндийг гутамшигтайгаар унагаж байгаа нь сөрөг боловч нөгөөтэйгүүр бид цаашид яах ёстой юм, ажлын байрны бэлгийн дарамтыг тэвчих ёсгүй гэсэн мессэжийг  нийгмийн  сэтгэлзүй дээр аваачих нь чухал байна.

 

-Манайд эмэгтэйчүүд зориг гаргаад хүчирхийлэл, бэлгийн дарамтанд өртсөнөө ил болгоод тэмцэхээр өөрөө эргээд буруутан болж, хохирсон дээрээ нэмээд сэтгэлзүйн дарамтанд өртөх нь элбэг байдаг. Нийгмийн сэтгэлзүйг үүнд хэрхэн зөвөөр хандуулах ёстой вэ?

-Тийм. Гэвч нөгөө талдаа нийгэм өөрөө ажлын байрны бэлгийн дарамт үзүүлээд байгаа этгээдийг цаашид явах боломжгүй, оршин тогтнож амьдрах бололцоогүй болтол нь жигшин зэвүүцэх нөхцөлийг бүрдүүлж байх ёстой.

Гэтэл манай улсад дээрх асуудал нь эсрэгээрээ байна. Буруутай этгээд нь орших зайгүй байх ёстой байтал хохирогч нь өөрөө тэнд багтаж шингэхээ байтлаа асуудалд орчихоод байгаа нь аюул.

Ер нь хууль чанга байснаар ажлын байрны бэлгийн дарамт шийдэгдэж буурна гэхээс илүүтэйгээр нийгмийн зүгээс хохирогчийг хамгаалах хандлагад төлөвшүүлэх сэтгэлгээг давалгаа болгох нь зөв. Мөн төр засаг нь олон нийтээн зүгээс гарч буй дуу хоолойг сонсох ёстой.

Мөн ёс зүйн хувьд тухайн албан тушаалтанг дахин төрийн өндөр дээд албан тушаалд томилохгүй байх, улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх гэх мэт олон боломжууд бий.

- Ажлын байранд бэлгийн дарамт үзүүлэх процессыг гэмт хэрэг гэж үзэхгүй байх нь зөв үү. Хуульч хүний хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

- Ажлын байрны бэлгийн дарамт гэмт хэргийн түвшинд байх ёстой. Яагаад гэхээр хүн дунджаар нийт амьдралынхаа гуравны нэгийг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Гэтэл ажлын байранд хэн нэгэн этгээдээс цалин авч ажиллаж байгаагийнхаа төлөө бэлгийн дарамтанд орох нь мэдээж зүй ёсны хэрэг биш.

Энэ бол ёсзүйн том зөрчил төдийгүй гэмт хэрэг байх ёстой..

-Ер нь олон улсад ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн этгээдтэй хувь хүн төдийгүй нийгэм нь хэрхэн тэмцдэг вэ?

- Олон улсын хэмжээнд ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэж байгаа хамгийн сайн туршлага нь олон нийтийн зүгээс үзүүлж байгаа дарамт шахалт байдаг. Тухайлбал, холливүүдэд кино найруулагч нар жүжигчдэд бэлгийн дарамт шахалт үзүүлсэн тухай  асуудал хөндөгдөхөд хохирогчид тэднийг ээлж дараалан илчилж, олон нийт эсэргүүцсэн давалгаа бий болгож байсан.

Нийгэмд “шүгэл үлээгч” нар гэж байдаг. Нэг нь түрүүлж илэрхийлэхээр дараа дараагийнх нь илэрхийлээд давалгаа болдог. Тэгээд тухайн асуудалд буруутай этгээдийг нийгэм олж харах, тэр хүнийг дахиж дараагийн түвшинд томилох орон зайг байхгүй болгодог. 

 

-Манай улсад ил болсон кэйсүүд ихэвчлэн төрийн албаны дарга нартай холбоотой байдаг?

-Манайд төрийн өндөр албанд улс төрийн томилгоо хийгддэг. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Тэгэхээр улстөрийн намууд хүний нөөцийн бодлогын хувьд хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг, мөрийтэй тоглоом тоглодог, авлига албан тушаалын хэрэгт холбогддог, ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг, ёс зүйгүй үйлдлийг олон нийтийн дунд гаргадаг гэх мэт тодорхой төрлийн асуудлуудад холбогдож байсан болон холбогдож болзошгүй этгээдүүдэд цаашид улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй байх замаар энэ асуудал шийдэгдэх ёстой. Ингэж байж тал талаасаа хуульчилна.

Хоёрдугаарт улстөрийн хүсэл зориг байх. Энэ хоёр нийлж байж ажлын байрны бэлгийн дарамт зогсоно. Тэгэхгүй бол нэг байгууллага дээр ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэж тогтоогдохоор тэр хүнийг төрийн албаны карьерыг нь дуусгаад зайлуулах ёстой байтал дараагийн байгууллагад аваачиж даргаар тавьж байна гэдэг нь тухайн асуудлын шийдэл биш.

Дээрээс нь энэ асуудлыг шийдэх улс төрийн хүсэл зориг түүнийг удирдах албан тушаалтны хувьд байхгүй байна гэсэн дүр зураг харагддаг. Энэ нь нэг талдаа монголчуудын хэлдэгээр “Хүний өөрийн гэлтгүй” чанга хатуу дүрэм журмаа баримтлах арга замаар л биелэгдэх ёстой асуудал болж байгаа юм.

Ярилцсан:Г.Долгорсүрэн

Эх сурвалж:Зөв.мн

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.