Аравдугаар сур хүртэл бага насны хүүхдүүдийг чийрэгжүүлнэ


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ жилийг "Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс "0-5 хүртэлх насны хүүхдийн суурь эмгэгийг эмчлэн эрүүлжүүлье" аяныг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдээс суурь өвчтэй хүүхдүүдийн судалгааг авч, стандартын дагуу эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Зуны чийрэгжүүлэлтийг хийснээр хүүхдийн дархлаа сайжирч томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед өвчлөлд өртөх эрсдэл буурах ач холбогдолтой юм. Тиймээс 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд чийрэгжүүлэлт хийх ажлыг ирэх аравдугаар сар хүртэл зохион байгуулах аж. Чийрэгжүүлэх ажлын хүрээнд хүүхдийн биеийн жин, өндрийг хэмжих, хооллолтод нь үнэлгээ хийх зэргээр хүүхдийг эмчийн үзлэгт хамруулснаар биеийн онцлогт нь тохирсон эмчилгээний дагуу эмчилгээг явуулах юм байна. Мөн хүүхдэд зориулсан иллэг, шар сүү болон хар цайгаар угаах, хүүхдийн зохистой хооллолтын талаарх эцэг эхчүүдэд зориулсан хичээлийг эмч, мэргэжилтнүүд заах аж. Чийрэгжүүлэлт эмчилгээний нэг курс нь 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд уг хугацаанд хүүхдийн эмч хяналтын үзлэгийг тогтмол хийх юм байна. Эмнэлэгт хүүхдүүдийг хоёр ээлжээр хүлээн авч, нэг ээлжид 35 хүүхэд хамрагдах боломжтой. Ийнхүү нийт 460 орчим хүүхдийг чийрэгжүүлэлтэд хамруулахаар төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна