Машиныг бус төрийн байгууллагуудыг хотоос гарга


Ирэх наймдугаар сараас эхлэн хотын төвийн бүх зогсоолыг төлбөртэй болгох гэнэ. Энэ байгууллагад ажилладаг учраас энэ байшингийн зогсоолд машинаа үнэгүй тавих ёстой гэсэн бичигдээгүй хууль үйлчлэхгүй. Тухайн зогсоолд хэдий чинээ удаан зогсоно төдий чинээ өндөр төлбөр төлнө гэсэн үг аж. Энэ нь нийслэлийн удирдлага болоод Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас гаргаж буй иргэнээ бодсон шийдвэр гэнэ. Өөрөөр хэлбэл хотын төвд ажилладаг хүмүүс машинаа зогсоолд өдөржин байлгадаг учраас ажил хөөцөлдөхөөр ирсэн иргэд зогсоолгүй үлддэг. Тиймээс өндөр төлбөр тогтоож, машинаа зайлуулахаас өөр аргагүй байдалд оруулж буй арга нь. Мөн хотын төв рүү аль болох машин оруулахгүй байх зарчимтай. Өнгө үзэмж муутай, татвар торгуулиа төлөөгүй жолоочид хотын төв хаалттай байх бололтой.


Тэгвэл хотын төвийн түгжрэлийг хэн үүсгэдэг юм бэ. Энэ хэсэгт ямар байгууллага байрлаж, хэн зогсоолын бөглөөс хийгээд байгаа юм бэ. Нэрлээд өгье, Төрийн ордон, хотын захиргаа, яамд, агентлагууд. Төрийн байгууллагууд гэж илүү тодотгоё. Хотын төв хэсгийг төрийн байгууллагууд эзэлж, зогсоолд нь төрийн албан хаагчдын машин өдөржин хадаастай байдаг. Тэгвэл яах вэ? Хотын төвийг түгжрэлд оруулж, зогсоолыг цаг наргүй эзлээд байгаа төрийн албан хаагчдынхаа машиныг хурааж авах уу. Эсвэл машин унахыг нь хориглож, ажилчдын нийтийн автобустай болгох уу.

 

Тархиа зовоож, олон зүйл бодох шаардлагагүйгээр төрийн энэ олон байгууллагыг хотын төвөөс гаргачих. Тэр үед хотын төвийн зогсоолын зовлон, түгжрэлийн бухимдал  арилах бус уу. Иргэд төрийн байгууллагыг дагаад хотын захыг чиглэнэ. Иргэнийг бодсон мэт иргэнийг хавчсан шийдвэр гаргахаа больчих л доо.

 

Ядаж л хотын захиргаагаа даруйхан Яармаг руу гаргачих. 15 давхар өндөр хар байшинг эзэлдэг нийслэлийн төр захиргааны байгууллагууд хотын төвийн түгжрэлийн гол хэсэг шүү дээ. Энд ажиллаж байгаа хэдэн зуун албан хаагчид машинаа өдөржин зогсоолд “хаядаг” буруутнууд чинь. Мөн иргэд төрийн үйлчилгээ авахаар энэ байшинг л зорьдог, түгжрэл үүсгэдэг. Тиймээс машиныг бус төрийн байгууллагуудыг хотоос гарга. Тэр үед сайхан муухайгаар нь ялгаварлах гээд байгаа машинууд чинь хотын төв хэсгээс зайлаад өгнө.

 

Хотыг гурван бүсэд хувааж, машинуудыг гоё муухайгаар нь ялгаварлаад замын ачааллыг 20-30 хувиар бууруулах гэнэ лээ. Оргүйгээс охинтой нь дээр гэдэгчлэн чимээгүй сууснаас ажилласан нэр зүүхийг хүсчээ, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрынхан. Хүссэн үр дүн нь гараасай даа.

 

Төр нь иргэнээ хавчиж, иргэн нь төрөө үзэн яддаг ийм үед нэгдэх, хөгжих тухай ярихад хэцүү. Харин аргацаасан шийдвэр төдийхнөөр сонгуулийн жилүүдийг өнгөрөөж бол болно.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна