ТЕГ-аас "Үндэсний фронт" нэгдлийнхэнд шаардлага хүргүүллээ

2019 оны 11 сарын 15

"Монголын үндэсний фронт" нэгдлийнхэнд Тагнуулын ерөнхий газраас шаардлага хүргүүлжээ. Тус нэгдлийнхэн албан ёсны бүртгэлгүй юм байна. Тэднийг гэмт хэргийн шинж агуулсан яриа, өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явуулсан тул ийнхүү шаардлага хүргүүлээд байгаа аж.

Хэрэв шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг ч мэдэгдсэн байна.

ТЕГ-аас тус нэгдлийнхэнд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АЛБАН ШААРДЛАГА

“Монголын үндэсний фронт” гэх нэрийн дор 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгуулсан жагсаал, цуглааны үеэр тус нэгдлийн тэргүүн гэх иргэн Ш.Гантулга, дэд тэргүүн гэх иргэн Б.Батсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн гэх иргэн П.Шинжээравдан, Ц.Мөнхбаяр болон дэмжигч иргэн Г.Болдбаатар нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.2 /Төрийн эрх мэдпийг хууль бусаар авах, саатуулах/, 19.3 /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 19.8 /Экстремист үйл ажиллагаа явуулах/-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан яриа өгүүлэл гаргаж, бусдыг өдөөн турхирсан үйл ажиллагааг удаа дараа явууллаа.

Цаашид дээрх төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс Тагнуулын байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.15-д заасныг тус тус үндэслэн ШААРДАХ нь:

1.“Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдын зүгээс Үндсэн хуульт төрийн байгууллын эсрэг үйл ажиллагаа явуулах, гишүүд дэмжигчдийг гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байх;
2.Иргэдийг хүчирхийлэлд уриалсан, олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй байх;
3.Цаашид Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан эрх зүйн актуудыг чанд мөрдөх;

Жич: Энэ шаардлагыг эс биелүүлж, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бүрдүүлэх, үүнд олон нийтийг уриалах, өдөөн турхирсан аливаа үйлдэл гаргах тохиолдолд тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж байна гэжээ.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2019 оны 11 сарын 15
202.179.26.51
Зочин

Зөв шаардлага тавьжээ. Харин хуулийн дагуу авах арга хэмжээний заалтыг оруулчих нь зөв байсан байх. Улс оронд болохгүй баайгааг өөрчлөх, арилгахын тулд хүчирхийллийн арга хэрэглэж болохгүй. Биднийг өөр хоорондоо мөргөлдөөн үүсгэхийг л хүсээд байгаа үндэстэн дамнасан сонирхол бий шүү. Үзэлцэж байх хооронд хяналтгүй ачаад гаргадаг хувилбарт шилжих сонирхол байна. Хүч хэрэглэсэн цагт ”эх орны төлөө, зөв хэргийн төлөө тэмцэл” гэж олон улсад хүлээн зөвшөөрүүлэхгүй, терроризм болгож цэргээ оруулах эрх үүсгэдэг Африк, Ойрх дорнодын олон жишээг харгалгаарай.