Өмнөговь аймгийн малчид: Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлж байна


 

Өмнөговь аймгийн малчид Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлж буй талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Улсын тусгай хамгаалалтад авсан Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны 896,524.44 га газарт багтсан “Сауд гоби транс” компанийн газрыг Засгийн газрын дахин гаргасан шийдвэрээр хамгаалалтын гадна үлдээж, 730 мянган га газрыг тусгай хамгаалалтад авахаар тогтжээ. Уг шийдвэрийг өнөөдрийг хүртэл эсэргүүцэж Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хүсэлт хүргүүлсээр байгаа юм байна. Тухайлбал, “Сауд гоби транс” компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг түдгэлзүүлэх асуудлаар БОАЖЯ-нд хандсан ч хариу өгөөгүй юм байна. Тиймээс Н.Цэрэнбат сайд ямар арга хэмжээ авахаас хамаарч шүүхэд хандах эсэхээ шийднэ. Мөн Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлж байгаагаа мэдээллийн үеэр мэдэгдлээ.

“Сауд гоби транс” компанийн үйл ажиллагааг хууль эрх зүйн мэргэжлийн багаар шалгуулсны үндсэн дээр хэд хэдэн зөрчил илрүүлсэн аж. Тухайлбал, “South gobi trans” компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгосон тул байгалийн баялгийг хууль бусаар олборлосон гэж үзэж буй юм байна. Мөн байгал орчны нарийвчилсан үнэлгээ нь батлагдаагүй байхад олборлолт хийж эхэлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 40.2 дахь заалтыг зөрчсөн, нэр бүхий эрдэмтэнтэй хуйвалдан, ховор олдворуудын талаар сумын байцаагчид хуурамч баримт бүрдүүлэн өгсөн зэргийг дурдаж байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна