Иргэн Б: Монгол даатгал ХХК-д автомашинаа даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадсангүй


Даатгалын байгууллагуудын үйлчилгээнд иргэд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл "Монгол даатгал" ХХК-ийн Ганжолоо даатгалд 198 мянган төгрөгөөр даатгуулсан ч нөхөн төлбөр авч чадаагүйдээ гомдолтой байгаагаа илэрхийлэн иргэн Б манай редакцид хандсан юм.

Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард Тоёота приус-20 маркийн автомашиныг лизингээр худалдан авсан бөгөөд тухайн үедээ "Монгол даатгал" компанид автомашинаа 198 мянган төгрөгөөр нэг жилийн хугацаанд даатгуулсан байна.

Харин энэ сарын 16-ны өдөр хашаандаа байрлуулсан автомашин нь гэнэт өөрөө ухарч, хашаа мөргөж эвдэрчээ. Тухайн үед даатгалын компаниа дуудсаны дагуу үнэлгээний ажилтан ирж, хэмжилт хийж, зураг авчээ.

Энэ дагуу Монгол даатгал ХХК-д хандахад "Автомашины эвдрэлийн үнэлгээ нэг сая 130 мөнгөн төгрөг болсон. Үнэлгээний 90 хувийг нөхөн олгоно. Гэхдээ заавал цагдаагийн тодорхойлолттой байх ёстой" гэсэн бөгөөд энэ үед маргаан гарахад тус компанийн Нөхөн төлбөр хариуцсан мэргэжилтэн "Яасан их маргалддаг юм. Наад асуудал чинь над дээр ирж шийдэггдэг юм" гэгчлэн сүрдүүлсэн гэх мэдээллийг иргэн Б өгч байна.

Ингээд "Заавал цагдаад тэмдэглүүлж, тодорхойлолт авснаар нөхөн төлбөр авах боломжтой" гэсний дагуу цагдаагийн байгууллагад дуудлага өгч, жолооч нь таван оноогоо хасуулан, 100 мянган төгрөгөөр торгуулжээ. Энэ бүх баримтаа бүрдүүлэн "Монгол даатгал" ХХК-д өгснөөс тав хоногийн дараа шийдвэр гарсан байна. Тодруулбал "Жолоочийн буруутай ажиллагааны улмаас гэмтэл учирсан тул нөхөн төлбөр олгохгүй" хэмээн шийдвэрлэжээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлэхдээ, осол хэрэг гарч, хохирол барагдуулах тохиолдолд заавал цагдаагийн ажилтан байх шаардлагагүй. Даатгалын байгууллагын ажилтнууд хэмжилтээ хийж, хохирол барагдуулах учиртай" гэсэн мэдээлэл өгдөг ч төрийн байгууллагын энэ чиглэл хэрэгжихгүй байгаагийн илрэл нь энэ болж байгаа юм. Мөн автомашинаа даатгасан ч асуудал үүсэхэд нөхөн төлбөр авч чаддаггүй байдал ийн хэвээр байсаар байгааг иргэн хэлж байна.
Эх сурвалж: Zarig.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна