Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа


Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа улсын төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч ажиллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт 2018-2019 онд он дамжин 15 цэцэрлэг, 8 сургууль, 2 спорт заалны барилга баригдаж байна.

“Ирээдүй” цогцолбор сургуулийн 1-р бага сургуулийн давхарын өргөтгөлийг “Солид констракшн” ХХК барьж байна. Одоогийн байдлаар барилга угсралтын явц 72 хувьтай байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийн зүгээс 8 дугаар сарын 25-нд ашиглалтад оруулах зорилготой ажиллаж байна.

Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны 176-р цэцэрлэгийн 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барихаар батлагдсан. Цэцэрлэгийн өргөтгөлийн газрын асуудлыг Сонгинохайрхан дүүргээс шийдвэрлэхээр иргэдтэй зөвшилцөн ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны 113-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Инжхами” ХХК барьж байна. Нэмэлт санхүүжилтийн асуудлыг хугацаанд нь шийдвэрлэвэл гүйцэтгэгч компанийн зүгээс 9 дүгээр сарын 1-ний өмнө цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах боломжтой байгаа тухай илэрхийлж байсан.

Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо нь төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороо байсан бол 2018-2019 онд он дамжин тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургууль, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилга баригдаж байна.

Сургуулийн барилгыг “Хүрэл ордон” ХХК барьж буй бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Үлдсэн хугацаанд ажилаа эрчимжүүлж 8 дугаар сарын 15-нд барилга хүлээн авах Улсын комиссыг ажилуулах үүрэг чиглэл өглөө.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна