“Түмний байр” төсөлд сонгогдсон эхний айлд нэг өрөө байрыг шууд бэлэглэлээ


“Ханан Шишгэд” ХХК-ийн “Түмний байр” төслийн эхлэл болгож судалгаагаар сонгогдсон иргэн Т.Ундармаад өнөөдөр нэг өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.

Т.Ундармаа нь энэ баярт үйл явдлын талаар сэтгэгдлээ хуваалцахдаа “Би ипотекийн байранд орох гэж нэлээд цаг хугацааг зарцуулж байна. Ипотекийн зээлд хамрагдахын тулд урьдчилгаа 30 хувийг төлөх ёстой. Надад 20 хувь нь байсан. Энэ компани үлдэгдэл 10 хувийн төлбөрийг нь өгөөд ипотекийн зээлд хамруулж өгч байгаад би их баяртай байна. Банкны энгийн нөхцөлтэйгээр байр хөөцөлдсөн ч миний боломж болоогүй. Харин энэ компанийн судалгаанд хамрагдаад, одоо байртай болж байгаадаа маш их байртай байна” гэлээ.

Тэрээр багш мэргэжилтэй, ам бүл тавуулаа амьдардаг юм байна. Тэд жилийн өмнөөс хашаа байшингаа зараад орон сууцанд орохоор зорьжээ. Харин түүнд өнөөдөр “Түмний байр” төслийн хамт  олны зүгээс ипотекийн зээлд хамрагдахад нь 10 хувийн дэмжлэг үзүүлэх бус, 53 сая орчим төгрөгийн үнэтэй тус нэг өрөө байрыг шууд бэлэглэж нээлтийн сюрприз барилаа.

000-2 "Түмний байр" төсөлд сонгогдсон эхний айлд нэг өрөө байрыг шууд бэлэглэлээ

Ингээд Ханан Шишгэд компанийн гүйцэтгэх захирал н.Алтангэрэл “”Түмний байр” төслийн эхний айлаар Т.Ундармаа гэж хүнийг сонгосон. Өнөөдөр энэ хүнд сюрприз барьж манай компанийн зүгээс нэг өрөө байрыг бэлэглээд зогсохгүй өчүүхэн бэлэг болгож алд цэнхэр хадгаа, мөнгөн аягатай сүү, зурагттай гардуулъя гэж шийдсэн юм. Т.Ундармаа эгчдээ амьдралд нь аз жаргал хүсч, өргөө цагаан гэр нь үргэлж аз жаргалаар бялхаж, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөе” хэмээн бэлгээ гардууллаа.

Энэ баярт үйл явдалд сэтгэл нь хөдөлсөн Т.Ундармаа багш “Үгээр ч хэлэхийн аргагүй их баярлаж байна. Энэхүү төсөл үнэн бодит хэрэгжиж эхэлсэн байна шүү залуучууд аа гэж хэлмээр байна. Тухайн компани маань 21 хоногт багтааж байранд оруулна гэсэн чинь би яг өнөөдөр 21 дэх хоног дээрээ байрандаа орлоо. Баярлалаа” хэмээн нулимс дуслуулж байв.

“Түмний байр” төсөл нь ипотекийн зээлд иргэн бүрийг хамруулах зорилготой бөгөөд 1740 айл өрхөд судалгаа хийжээ. Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  амьдралын боломж тааруу айл өрхүүдээ байртай болгохыг зорьж буй аж. Ингэхдээ урьдчилгаа болох 20 хувийг тухайн өрхөөс авч, үлдэгдэл 10 хувийг нь компанийнхаа ашгаас бүрдүүлээд банкуудад ипотекийн зээлд хамруулах байдлаар иргэдийг байртай болгох гол зорилготой ажиллаж байгаа юм байна. Цаашид урьдчилгаа 30 хувийг 20 хувь, зээлийн 8 хувийн хүүг 5 хувь болгох чиглэлээр банкууд болон бусад компаниудтай хамтран ажиллаад өндөр шаардлагыг багасгана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд хамтарч ажиллахыг уриалж байлаа.

00-7 "Түмний байр" төсөлд сонгогдсон эхний айлд нэг өрөө байрыг шууд бэлэглэлээ

Мөн энэ үеэр “Ханан Шишгэд” ХХК-ийн захирал С.Мөнхбат “Банкны шаардлагыг эс тооцвол 20 хувийн урьдчилгаа төлбөрөө өгөөд байр авах хүмүүс олон байна. Гэр оронгүй, түрээсийн сууцанд амьдарч байсан хүмүүс ч байна. 20 хувиараа дэнчин тавих гээд байхад ард нь тэр олон шалгууруудын шаардлага байхгүй. Бусад орнуудын жишигт хүрдэггүй юм аа гэхэд ядаж зээлийн хүүгээ 5 хувь болгочихвол ипотекийн зээл нүдээ олж, ард иргэддээ очно шүү дээ. Миний тэмүүлээд байгаа зүйл бол 20 хувь, 5 хувь. Үүнийг л банк дэмжээд өгчих л дөө. Судалгаанаас харахад 30-50 м.кв байр сонирхож байгаа хүмүүс ийм байрандаа орж чаддаггүй юм билээ. Гэтэл 80 м.кв байрууд нь байгаад байдаг. Тэгэхээр боломжтой хүмүүс л ипотекийн зээл рүү яваад байна гэсэн үг.  Нийслэлийн есөн дүүрэгт 30-50 м.кв байрууд бэлэн байна. Би үүнийг компаниараа яриад үнийг нь нэг балансад буулгаад авч өгч байгаа юм. Давуу талууд нь ийм байна.

Ер нь 30-50 м.кв байр сонирхож байгаа хүмүүст нь 20 хувийн урьдчилгаагаар өгчих. 20 хувь гэдэг бол маш их мөнгө шүү. Жишээ нь, солонгост хэдэн жил ажиллаад 20 хувийн урьдчилграа төлбөрөө олоод ирсэн хүмүүс чинь явахдаа байр орноо зараад явж ирсэн хүмүүс. Тэд орлогоо нотлох ямар ч боломжгүй шүү гэдгийг хэлмээр байна. Бусад компаниудад болон ард иргэдэд манай 100 байр төсөл нээлттэй шүү, нэгдээрэй” гэсэн юм.

Хэрэв хамтран ажиллах байгууллагууд нэгдвэл 100 айлын тоог нэмэх бүрэн боломжтой гэдгийг ч энд цохон тэмдэглэж байлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна