Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын хэлэх үг


Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон нийслэл, есөн дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдлагуудын дунд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ.

Үндсэн хуулийн IV зүйлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн танилцуулгыг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба хийв. Энэ үеэр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг онцолсон юм. Тус заалтад хот, тосгоны зааг, ялгааг тодорхой болгосныг тэрбээр дурдлаа. Мөн бүх шатны ИТХ-ын чиг үүргийн давхардал, ажлын уялдааг зохицуулах зорилгоор тусгаад буй сум, дүүргийн ИТХ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлэх саналыг дурдсан. Эл саналыг УИХ-ын эхний хэлэлцүүлгээр дэмжээгүй хэдий ч хэлэлцүүлгийн төсөлд байгаа заалт ажээ.  Мөн уг өөрчлөлтөд бүх шатны Засаг дарга нарыг сонгох, томилохтой холбоотой заалт тусгасан бөгөөд ингэхдээ сум, дүүргийн Засаг даргыг иргэдээсээ сонгохоор тусгаад байгааг тэрбээр танилцуулгадаа онцолсон.

Танилцуулга, мэдээллийг сонсоод нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан санал хэлсэн. Тэрбээр  “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, ямар статустай ажиллах хийгээд нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг баталгаажуулах, сонгох томилохтой холбоотой асуудлыг бид сайн ярилцах ёстой. Хэдийгээр Үндсэн хуульд “Нийслэл бол эдийн засаг, нийгмийн тусгай цогцолбор мөн” гэсэн заалт байдаг ч эдийн засаг, эрх зүйн талаасаа дутмаг, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Тиймээс оновчтой саналуудыг УИХ-д хүргүүлэх хэрэгтэй. Дүүргийн төлөөлөгчдөөс нийслэлийн төлөөлөгчдийг бүрдүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга “ИТХ-ын төлөөлөгчид ямар зарчмаар сонгогдож, хэдий хугацаанд бүрэн эрх нь хэрэгжиж, ямар хугацаанд ажиллах вэ гэдэг болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааг баталгаажуулах нэр дэвшүүлэх, сонгох, томилохтой холбогдуулан ямар саналууд байж болох вэ гэдгийг бид сайн ярилцах ёстой” хэмээн хэлэлцүүлгийн эхэнд онцолсон. Мөн төрийн удирдлагыг хэрэгжүүлдэг албан тушаалтныг томилдог, нутгийн ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ СОНГОДОГ БАЙХ ЗАРЧИМ БОЛ төлөөллийн ардчиллын ҮНДСЭН зарчим гэдгийг хотын Захирагч онцлоод Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд зарчмын шинжтэй ямар зохицуулалтууд тусгах талаар нийслэлийн удирдлагууд, дүүрэг, агентлаг, харъяа газрын удирдлага, албан хаагчид, нутгийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн хуульч, судлаач нарын дунд удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, бодлоо солилцож, гарсан саналуудыг нэгтгэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлээд буйг дуулгасан.

Нийслэлийн удирдлагуудын хувьд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хуулийн IV бүлгийг өөрчлөх шаардлагагүй, харин түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар органик хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд тусгаж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн санал, дүгнэлтийг гаргаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна