Дорнод аймагт шинэ аваргыг барилдуулсангүй


Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон аймгуудын ой болон бүсийн хурдан морьдын уралдаанд зориулсан баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн талаарх нэгдсэн мэдээллийг хүргэж байна. Хөвсгөл аймагт “Хотгойдын хурд-2019”, Өмнөговь аймагт “Говь шанхын хурд-2019”, Говьсүмбэрт “Боржигон хурд-2019”, Баян-Өлгий аймагт “Алтай таванбогд”, Дорнод аймагт “Зүүн бүсийн хурдан морьдын уралдаан-2019, Баянхонгор аймагт “Ламын гэгээн-2019” хурдан морины бүсийн уралдаан, хүчит бөхийн барилдааны болсныг тодотгоё.

ДОРНОД

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ой, “Зүүн бүсийн хурд-2019” баяр наадамд Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын аварга Э.Оюунболд, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, улсын харцага Ш.Мөнгөнбаатар нарын зүүн аймгийн бөхчүүд зодоглохоор очсон боловч Дорнод аймгийн баяр наадмын Бөхийн салбар хороо бусад аймгийн бөхчүүдийг барилдуулахгүй гэсэн шийдвэр гаргасан тул зөвхөн Дорнод аймгийн бөхчүүд энэ наадамд барилдав. Хүчит бөхийн барилдаанд Дорнод аймгийн харьяат, аймгийн харцага Г.Эрхэмбаяр түрүүлж, аймгийн харцага Э.Батжаргал үзүүрлэжээ.

ӨМНӨГОВЬ

Өмнөговь аймагт болсон “Говь шанхын хурд” говийн бүсийн хурдан морьдын уралдааны үеэр болсон наадамд хүчит 128 бөх зодоглосноос Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын начин Ц.Одбаяр түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв.

ХӨВСГӨЛ

“Хотгойдын хурд” наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харьяат, улсын заан Б.Батмөнх үзүүрлэжээ.

ДОРНОГОВЬ

Ардын хувсгалын 98, Дорноговь аймаг байгуулагдсаны 88, Сайншанд сум байгуулагдсаны 58 жилийн баяр наадамд хүчит 256 бөх зодоглосноос Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун түрүүлж, аймгийн хурц арслан чимэг, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ үзүүрлэж, аймгийн заан цолтон боллоо. Их шөвөгт Дорноговь аймгийн Айраг сумын харьяат сумын заан Б.Бадрал, Увс аймгийн Түргэн сумын харьяат сумын заан Д.Нямсамбуу нар шалгарч, аймгийн харцага цол тус тус хүртжээ.

БАЯНХОНГОР

Эрдэнэ бандида хутагт, Хамба Номунхан, Ламын гэгээн Лувсанданзанжанцанымэлмий гийсний 380 жилийн тэгш дүүрэн ой, даншиг наадамд 256 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Баянхонгор Хөгжил” сан, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их Богд” дэвжээний бөх_ улсын харцага Н.Золбоо найм даван түрүүлж, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 тусгай анги, “Хонгор нутаг” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Бат-Орших үзүүрлэжээ. Ламын гэгээний тэгш ойд улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан, улсын заан Б.Соронзонболд нарын бөхчүүд зодогложээ.

БАЯН-ӨЛГИЙ

Ардын хувьсгалын 98 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 79 жилийн ойн баяр наадам, “Алтай Таванбогд” хурдан морины баруун бүсийн зуны уралдаан долдугаар сарын 27-ноос 28-нд болов. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх хүч үзэн зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын харцага О.Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа үзүүрлэв. Харин Увс аймгийн Ховд сумын уугуул, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс нар шөвөгт шалгарчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна