Ө.Энхтүвшин: 800 хятадтай холбоотой асуудалд намайг их л хардаж байна

2019 оны 11 сарын 26

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу энэ сарын 21-ний өдөр 800 хятадтай холбоотой асуудлаар төрийн ордонд мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр, "800 хятадын асуудлыг ярихаас өөр аргагүй байдалд хүрлээ. Аравдугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад Засгийн газрын шадар сайдтай уулзсан байна. Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийсэн байна. Алтанбулаг чөлөөт бүсэд цахим казино ажиллуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хятадуудыг хүлээн авч уулзаж, “Монгол улсын чөлөөт бүсэд цахим казино байгуулж болно. Та бүхэн ирж туршилт хий” гэж хүсэлт тавьсан байна" гэх мэдээллийг олон нийтэд хүргэж байсан.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин тайлбар хийлээ. Тэрээр “Намайг урилга өгч үү, виз олгож уу гэдгийг шалгачих л даа. Хоёрдугаарт, энэ асуудлыг цагдаа, тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна. Удахгүй дүнгээ гаргах байх. Энэ асуудал хоёр улсын харилцаанд нөлөөлөх хэмжээнд хүрлээ. Манай улстөрчид нэгнээ чадах гэж ярьдаг зүйл энэ биш. Тиймээс ойрын үед шалгаж байгаа байгууллагууд ямар нэгэн мэдээлэл хийх байх. Монголын 51 байгууллага Хятадаас хүмүүс урьж байна гээд оруулаад ирчихсэн асуудал.  Хятадтай холбоотой асуудалд намайг их л хардаж байгаа.  Хятадын талаас Засгийн газар болон хувийн хэвшлийн түвшинд надтай янз бүрийн хүмүүс уулздаг. Ямар хариу өгөх нь л чухал. Тухайлбал, IT-ийн чиглэлээр Монголд хөрөнгө оруулья гэсэн санал тавьж байсан. Энэ бол миний мэдэхгүй асуудал байна, Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдгийг албан ёсоор цаасан дээр бичээд гаргаад ир гэж би хэлсэн. Үүнээс долоо хоногийн дараа л 800 хятадыг баривчилсан" хэмээн тайлбарлав.

Т.Очир

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.