Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 80 жилийн ойн босгон дээр бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн боллоо


Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын  түүхт 80 жилийн ойн босгон дээр  баримтат кино, "Түүх үргэлжилсэн он жилүүд"  ном, гэрэл зургийн цомог, гэрэл  зургийн үзэсгэлэн боллоо.  Энэ үеэр тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүх үргэлжилж байна. Энэ цаг мөчид бид өнгөрсөн цаг хугацаа, өтгөс буурлуудынхаа буй болгосон түүх рүү аялж тэнд үлдээсэн он цаг, бүтээсэн зүйлсийг ном болгон эмхэтгээд та нарынхаа мэлмий, оюунд хүртээхэд бэлэн болоод байна.

Аливаа ойн баяр тэмдэглэх гэдэг бол өнгөрсөн түүхийн уламжлалыг хадгалах, түүнээс суралцах, өнөөгийн үйл хэрэг, өнгө төрхдөө үнэлэлт дүгнэлт хийх, ирээдүйн дүр зураг, зорилго зорилтыг тодорхойлох том үүрэг хариуцлага билээ.  Энэ хариуцлагынхаа хүрээнд бид Өвөрхангай аймагт Цагдаагийн байгууллага үүссэн 1939 оноос өнөөдрийг хүртэлх түүхэн баримтуудыг судалж, эрж хайж “Түүх үргэлжилсэн он жилүүд” түүхэн ном, “Бидний түүх гэрэл зурагт” фото альбом “Алба хаагчдад тохиолдсон хөгжилтэй явдал” товхимол, “Үл мартагдах он жилүүд” түүхэн баримтат киног бүтээсэн юм. Мөн түүнчлэн 80 жилийн ойн баярыг угтаж хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын тайлан мэдээллийг багтаасан сэтгүүл таны гарт хүрлээ.

Нөгөө талаар  бид  энэхүү номыг эмхлэн бүтээхдээ Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газартай ажил амьдралаа холбосон хэн нэгнийг орхигдуулахвий хэмээн ихэд болгоомжилж, түүхэн баримт сэлтийг сайтар эрж хайж судалсан юм шүү.  Чамгүй их эрэл хайгуул, багагүй хөдөлмөр зүтгэл болж,  үе үеийн алба хаагчид,  цагдаагийн байгууллагадаа элэг сэтгэлтэй олон хүний тус буянаар  энэхүү ном маань бүтэж  эхний хуудсыг нь хамтдаа нээх түүхэн агшныг бүтээсэндээ  туйлын их баяртай байна.  

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын түүх гэдэг бол зөвхөн нэг байгууллагын түүх биш, энэ байгууллагатай ажил амьдралаа холбосон мянга мянган хүмүүсийн түүх, тэдний гэр бүлийн түүх билээ. Энэ түүх үнэн болоод баларшгүй байж, он цагийн урсгалд тодоос тод үлдээсэй хэмээх сэтгэлээр хичээнгүйлэн ажилласан. Эрхэм та бүхэн мэргэн оюунаараа шүүж, урам дэмийн хийгээд ухаарал сэдлийн үгсээ хайрлана бизээ.  Эцэст энэ бүх түүхэн баримтууд, мэдээ, мэдээлэл, түүх сурвалжуудыг сайтар нягтлан ажилласан алба хаагчид, уран бүтээлчдэдээ чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье" гэж хэлсэн юм. 

 
 
Эх сурвалж: POLICE.GOV.MN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна