Ерөнхий сайд У.Хүрэлсүх Д.А.Медведевтэй уулзаж, 12 санамж бичигт гарын үсэг зурав

2019 оны 12 сарын 04

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Москва хотноо газардсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д есөн жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг байгуулж, стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм. Өмнө нь 2010 онд Ерөнхий сайд С.Батболд айлчилж байжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзаж, зарим барим бичигт гарын үсэг зурлаа. Уулзалтын эхэнд Д.А.Медведев “Өмнө нь би танай улсад 2009 оны наймдугаар сард албан ёсны айлчлал хийсэн. Үүний дараа 2016 онд АСЕМ-ын уулзалтад оролцсон. Танай орон богино хугацаанд өөрчлөгдсөн гэж баттай хэлэх байна. Монгол Улсыг манай найрсаг түнш гэж хардаг" гэлээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би Ерөнхий сайдын хувиар таны урилгаар танай оронд айлчилж байгаадаа баяртай байна. Ерөнхийлөгч Х.Баттулга танд мэндчилгээ уламжилсныг хүргэе. Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ой тохиосон. Хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Монгол, Оросын ард түмэн дайны үед ч, энхийн бүтээн байгуулалтад ч хамт байж ирсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд өнгөрсөн есдүгээр сард айлчлах үеэр манай хоёр орны харилцаа нэг шатаар ахиж, стратегийн иж бүрэн түншлэлд хүрсэн. Манай хоёр улсын улс төрийн харилцаа маш сайн. Бид түүхэн ах дүүгийн харилцаатай. Гэхдээ сүүлийн жилүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа бага зэрэг саарсан. Цаашид энэ харилцааг бэхжүүлэхэд хамтарч ажиллана гэж бодож байна. Энэ харилцааг сайжруулахад хоёр орны Засгийн газрын комисс сайн ажиллаж байгаа гэж боддог” гэв.

Айлчлалын хүрээнд хоёр тал 12 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.