Э.Содномжамц: 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэхийн зураг төслийн уралдаанд идэвхтэй оролцоорой


Битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар манайхан олон жилийн турш ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй л байна. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын өмнөхөн 50-60 мянган хүний суудалтай Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, яамд, нийслэлийн ЗДТГ-ын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулахаар зарлаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах санал боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  Э.Содномжамцаас дараах тодруулгыг авлаа.

-Жил бүрийн Улсын баяр наадмаар “Шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулахгүй бол наадамчид, жуулчид хаанаа ч багталцахгүй байна” гэдэг яриа гардаг. Олон жил ярьсан “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал өдгөө ажил хэрэг болохоор төлөвлөгдөж, байршил сонгох, зураг төсөл боловсруулах ажлууд эхэлсэн гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 94 дүгээр захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БСШУС-ын сайд, БОАЖ-ын сайд, БХБ-ын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нарийн бичгийн даргаар НЗДТГ-ын дарга миний бие томилогдсон байгаа. Ерөнхий сайдын энэ захирамж долдугаар сарын 16-нд НЗДТГ-т ирснээр нийслэлийн холбогдох агентлагуудын дарга удирдлага, мэргэжилтнүүдтэй хамт  Нисэх, Яармагийн орчимд ажиллаж, шинээр байгуулах “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г хаана байгуулбал зохимжтойг судалж зөвлөлдсөн. Ингээд Яармагт буюу одоогийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын баруун талд, Нисэх, Яармагийн орчимд буюу Богд уулын ард, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт гэсэн дөрвөн байршлыг судалж ажлын хэсгийн хуралдаанд оруулж хэлэлцүүлээд, хоёр газрыг нь сонгон Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтоод байна. Шинэ цэнгэлдэх хүрээлэнг “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд байгуулах уу, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт байгуулах уу гэдгийг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн тогтооно.

Мөн дээрх шийдвэртэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг өнөөдрөөс эхлээд зохион байгуулахаар зарлаад байна. Олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлаг уран сайхны арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой, үндэсний хэв шинжийг агуулсан, олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн  төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд, уран бүтээлчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

-50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төслийг гаргах түүхэн бөгөөд хүндтэй эрхийн төлөө өрсөлдөх уран бүтээлчдэд тавьж байгаа хамгийн гол шаардлага юу вэ. Ямар хүмүүс  оролцох боломжтой вэ?

 -Таны хэлдгээр энэ бол үнэхээрийн түүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлага юм. “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаанд мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Анхаарах гол зүйл нь хугацаа жаахан давчуу байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Уралдааныг 2019 оны наймдугаар сарын 06-наас 16-ны хооронд зарлагдаж байгаа бөгөөд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээлийг  наймдугаар сарын 16-ны 16:00 цаг хүртэл хүлээн авах юм. 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шалгаруулахдаа таван гол шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, төслийн үзэл санаа, шинэлэг байдал, хоёрдугаарт, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байх, гуравдугаарт, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдлийг тусгасан байдал, дөрөвдүгээрт, ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлага хангасан байх, тавдугаарт олон нийтийн санал асуулга гэсэн таван шалгуур үзүүлэлтээр дүгнэж, эхний 2 байр эзлүүлнэ. Ирүүлсэн бүтээлүүдийг 2019 оны 08 дугаар сарын 17,18,19-ний өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын цахим хуудсанд байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авах юм.  

-50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн газрын асуудлыг шийдэх нэг хэрэг. Цаана нь дахиад зогсоолын асуудал, дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ гээд нийслэлийн зүгээс шалтгаалах зүйл олон байгаа. Энэ тал дээр ямар шийдэл эрэлхийлж байна вэ?        

 -“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулахад зогсоол, авто зам, дэд бүтэц гээд мэдээж олон асуудал, цөөнгүй бэрхшээл нийслэлийн өмнө тулгарч таарна. Үүнийг олон талаас нь бодолцож, хамгийн боломжит хувилбараар шийдэх нь л чухал. Тухайлбал, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборын газарт шинэ цэнгэлдэх хүрээлэнг байгуулснаар бүх зүйл нь нэг дороо төвлөрөх нь сайн ч гэлээ зам тавих, цахилгаан, дулаанд холбох, цэвэр, бохирын шугам татах гээд дэд бүтцийн асуудал ярвигтай. Бараг шинэ цэнгэлдэх барих зардалтайгаа адилхан өртөг шаардаж ч мэднэ. Яармагт буюу одоогийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын ордны замын зүүн талд шинэ цэнгэлдэхийг байгуулах шийдвэр Засгийн газраас гарлаа гэхэд газрын асуудлыг нь нэг тийш шийдэх хэрэгтэй байгаа. Учир нь тухайн газрыг хувийн хэвшлийн хоёр байгууллагад давхцуулаад олгочихсон юм билээ. Нэг нь дуудлага худалдааны анхны үнээ төлсөн байгаа. Засгийн газраас тухайн газрыг улс тусгай хэрэгцээнд шилжүүлж авна гэж шийдвэл нөхөн төлбөр төлж, нөгөө байгууллагыг хохиролгүй болгох асуудал яригдана. Ямар ч байсан энэ Засгийн газар болоод нийслэлийн удирдлагууд олон жил ярьсан шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлж, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор наадамчин олныгоо олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан 50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэхэд наадуулах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.

-Цаг гаргаж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.    

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна