Хятадын тал “Нэг улс, хоёр систем” бодлогоо хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг тууштай хамгаална


- БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин -

Энэ оны 6-р сараас хойш БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт “Хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр”, “Эрүүгийн хэргийн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ”-г шинэчлэх асуудлаар эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн болж олон улсад анхаарал татсаар байна. Монголын олон найз нөхөд надаас үүний тухай асуусан. Иймээс би Монголын найз нөхөд нийтлэг анхаарч буй зарим асуудлын нөхцөл байдлыг танилцуулахыг зорилоо.  

Хэрэг явдлын шалтгаан нь юу вэ?

2018 оны 2-р сард нэгэн Хонконг эрэгтэй Тайванд найз бүсгүйнхээ амь насыг хохироож, цогцсыг нь хаясны дараа Хонконг руу зугтан очсон хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас хэргийг илрүүлсэн боловч Хонконг болон Тайванийн хооронд эрүүгийн хэргийн асуудлаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хэрэгтэн шилжүүлэх хэлэлцээр байгуулаагүйн улмаас хэрэгтнийг хэргийн газар буюу Тайванд хүргэж, уг гэмт хэргийн шударга шүүх ажиллагааг явуулах боломжгүй болсон. Энэ хэрэг нь Хонконгт хуулийн цоорхой байгааг тодорхой харуулсан юм. Иймээс тус онцгой бүсийн засгийн газар хуулийн цоорхойг арилгаж, бүс нутаг хооронд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх харилцааг байгуулан гэмт хэрэгтэй тэмцэж, хуулийн засаглал, шударга ёсыг дээдэлж, Хонконгийг “гэмт хэргийн диваажин”, “хэргээс зугтаг хонгил” болохоос зайлсхийхийн тулд дээрх гэрээ, хэлэлцээрийг шинэчлэх санал дэвшүүлсэн юм.

Энэхүү саналыг дэвшүүлснээс хойш Хонконгийн зарим радикал эсэргүүцэгчид хорон санаагаар цуурхал тарааж, олон нийтийг төөрөгдүүлж, нийгэмд айдас үүсгэж, үүнийхээ төлөө олон мөргөлдөөн үүсгэсэн нь тус хотын энгийн иргэд, цагдаагийн албан хаагчид олноор гэмтсэн нөхцөл байдал үүслээ. Энэ хэрэг тайван жагсаалын цар хүрээнээс хол давсан хэрэг боллоо. Нэн ялангуяа БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн засгийн газар хэлэлцээрийн өөрчлөлтийг хэлэлцээгүй болсон гэж зарласан байхад эдгээр хүмүүс хөдөлгөөнөө зогсоохгүйгээр үл барам харин ч нөхцөл байдлыг улам хурц байдалд оруулж “хэлэлцээрийн өөрчлөлтийг эсэргүүцэх” нэрийдлээр олон хэлбэрийн радикал жагсаал зохион байгуулж мөргөлдөөн дэгдэх үйл явцыг улам нэмэгдүүлж байна. Одоогийн байдлаар эсэргүүцлийн жагсаал, мөргөлдөөн хоёр сар үргэлжилж байна. Энэ нь Хонконгийн хуулийн засаглал, нийгмийн дэг журам, эдийн засаг, иргэдийн амьдрал болон олон улсын дүрд ноцтой нөлөөлж байна.

Энэ үйл явдлын мөн чанарыг хэрхэн харж байна вэ?

Сүүлийн өдрүүдэд Хонконгийн энэ үйл явдлын нөхцөл байдал хэдийнээ хуулийг ноцтой зөрчсөн мөргөлдөөний хэрэг болж шилжлээ. Зарим радикал эсэргүүцэгчид энэ үйл явдлыг ашиглаж, гадаад дотоодтой хуйвалдан, үнэнийг мушгин гуйвуулж, санаатайгаар өдөөн хатгаж, Хятадын эсрэг мөргөлдөөнийг ар араас нь зохион байгуулж, төрийн сүлд, төрийн далбааг гутаан доромжилж, Хонконгийн засаг захиргааны онцгой бүс дэх Хятадын Төв засгийн газрын холбоо барих алба, Хонконгийн Хууль тогтоох хороо, Цагдаагийн газар луу халдаж, хорт шингэн ба нунтгийг ашиглан цагдаагийн албан хаагчид руу дайрах, гал тавих, тэсрэх бөмбөг хийх, зам тээврийн хөдөлгөөнийг гацаах зэрэг хэт туйлшрах хөдөлгөөнийг зохион байгууллаа. Үүгээр зогсохгүй цагдаагийн албан хаагчийн гарын хурууг хазаж тасалсан цуст хэрэг үйлдэж, тэдний зохион байгуулалт, мэргэжлийн, хүчирхийллийн шинж чанар өдөр өдрөөр нэмэгдэж байна. Зарим этгээд “Хонконг сэргээн мандуулах цаг үеийн хувьсгал хийе” гэх уриан дор “Хонконг тусгаарлуулах”-ыг өдөөж байна. Ийм мөргөлдөөний хэлбэр бол соёл иргэншилт нийгмийн доод хязгаараас гарсан, энх тайвнаар эсэргүүцлээ илэрхийлэх, эрх чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх хэлбэрээс хальсан, Хонконгийн хуулийн засаглалыг уландаа гишгэсэн, Хонконг хотын иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлсэн, “Нэг улс, хоёр систем” зарчмын хязгаарыг ноцтой хөндсөн үйл явдал боллоо.                

Цагдаагийн байгууллага нь Хонконгийн нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах тулгуур хүчин, мөн нийгмийн тогтвортой байдлыг хадгалах хамгийн сүүлчийн халхавч болно. Хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах тухай шуугиан дэгдэж эхэлснээс хойш Хонконгийн цагдаагийн албан хаагчид Хонконгийн нийгмийн хэв журмыг сахиулах, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд асар их даралт шахалтыг тэвчин ажлын байр дээрээ тууштай зогсож, айж сүрдэх зүйлгүй төв шударгаар хуурь сахиулах үүргээ биелүүлэн дэлхийд хамгийн онц шилдэг цагдаагийн байгууллага гэсэн алдар цолоо гутаасангүй.

Ийм нөхцөл байдалд барууны зарим хүчин, хүмүүс хоёр дахь стандарт бий болгож байна. Америк, Англи зэрэг зарим орнуудын албан хаагч, улс төрчид радикал этгээдүүдийн сөргөлдөөнийг засаж залруулан, хууль хэрэгжүүлдэг Хонконгийн цагдаагийн албан хаагчид руу хүйтэн, цэвдэг сэтгэлээр хандаж, үүгээр ч зогсохгүй Хонконгийн Засгийн газрыг энэ хэргийг үйлдэгчидэд хууль ёсны хариуцлага тооцохыг болиулахыг шаардсан. Зарим барууны орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр радикал эсэргүүцэгчид цагдаагийн гарын хурууг хазаж тасалсан хэсгийг хасаг хаян, зориуд эвлүүлэг хийж, дэлгэн харуулах камерын дүрсдээ зориуд зөвхөн цагдаагийн албан хаагчид мөргөлдөөний гэмт хэргийг таслан зогсоож буй “жүжиг” болгон найруулсан. Барууны орны зарим улс төрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Нэг улс, хоёр систем”-ийг эрээ цээргүйгээр доромжилж, Хонконг эх газарт эргэн ирснээс хойш “эрх чөлөө бага багаар холдсоор байна” гэж гүтгэж, Хятад улсын Засгийн газрыг хөндлөнгөөс буруутгаж, үйл явдлын нөхцөл байдлыг муутгахад нөлөөлж байна. Мөн тэд Хонконгийн эмх замбараагүй байдлаар дамжуулж Хятадын хөгжлийн хандлагыг хязгаарлаж, Хятадын эх газарт “цэцгийн хувьсгал”-ын уршгийг дагуулахаар санаархсан. Бид эдгээр зөв бурууг ялгахгүй, хар цагааныг тонгоруулсан хорон санаатай эрс эсэргүүцэнэ. 

Хятадын төв Засгийн газар уг үйл явдалд ямар байр суурьтай байна вэ?

Хонконг Хятадын харьяанд шилжсэн 20 жилийн хугацаанд “Нэг улс, хоёр систем”, “Хонконгчууд Хонконгийг засах”, тэдний өөртөө засах засаглал өндөр төвшинд хэрэгжигдсэнээр Хонконг тогтвортой хөгжлийг хадгалсаар ирсэн. Энэ хугацаанд Хонконг хамгийн чөлөөт эдийн засагтай, бизнес орчин, олон улсын өрсөлдөх чадвараараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. “Нэг улс, хоёр систем” бодлого бол Хонконг урт хугацааны, тогтвортой хөгжлийг хадгалах хамгийн зөв тогтолцоо мөн гэдгийг бодит байдал нотолж байна.

Хонконгийн үймээн самуун байдлыг үл ойшоон үргэлжлүүлбэл Хонконг хотыг иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд хохирол учрахаар зогсохгүй, засаг захиргааны онцгой бүсийн удирдах нэр хүндэд ч нөлөөлж, Хонконгийн хуулийн засаглалын суурь чулуу, цэцэглэлт хөгжил, “Нэг улс, хоёр систем”-ийг нураахыг Хонконгийн болон бүх Хятадын ард иргэд бүгд хүлээн зөвшөөрөхгүй.

Хятад улсын төв Засгийн газар “Нэг улс, хоёр систем”-ийг хэлбэрэлтгүй үргэлжлэн хэрэгжүүлж, Хонконгийн хөгжил, тогтвортой байдлыг тууштай хамгаалж, улсын бүрэн эрх, аюулгүй байдалд аюул учруулах, төв Засгийн газрын эрх мэдэл болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хуулийн эрх мэдлийг сорих, Хонконгийг ашиглаж эх газрын дотоодод нөлөөлөн хохирол учруулах ямар ч үйл ажиллагаа явагдахыг зөвшөөрөхгүй. Хонконгт одоо хамгийн чухал нь мөргөлдөөнийг зогсоож, хуулийн засаглалыг хамгаалан, дэг журмыг сэргээх хэрэг юм. Хятад улсын төв Засгийн газар Хятадын засаг захиргааны онцгой бүсийн захирагч Кэрри Ламын тэргүүлж буй Засгийн газар хуулийн дагуу засаглаж, Хонконгийн цагдаагийн байгууллага хуулийг чанд сахиж, тус бүсийн холбогдох засаг захиргааны байгууллага, хуулийн байгууллага хуулийн дагуу мөргөлдөөн өдөөгч гэмт этгээдүүдийг  хатуу шийтгэж, Хятад, Хонконгт хайртай иргэн бүрийн Хонконгийн хуулийн засаглалыг хамгаалах үйл ажиллагааг тууштай дэмжих болно. Хэрвээ Хонконгийн нөхцөл байдал улам муудаж, Хонконгийн засаг захиргаа нөхцөл байдалд тавих хяналт алдагдвал төв Засгийн газар хэрхэвч тоохгүй өнгөрөөхгүй. Хятадын төв Засгийн газар хуулийн дагуу үүсэж болзошгүй бүхий л нөхцөл байдлыг богино хугацаанд намжаах хангалттай олон арга хэмжээ, хангалттай хүчин чадалтай гэдгийн онцолмоор байна.

Хятад, Монгол хоёр улс бол иж бүрэн стратегийн түншлэлтэй, бие биедээ харилцан чухал хөрш орнууд. Урт хугацааны туршид, Монголын тал “Нэг Хятад” зарчмыг хатуу баримталж, Хятадын “Нэг улс, хоёр систем”-ийг өндрөөр үнэлдэгт Хятадын тал сайшаалтай байдаг. Монгол Улс Хонконгт консулын газар байгуулсан бөгөөд талууд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг салбаруудад хамтын ажиллагааны таатай харилцаатай байдаг. Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалах нь Хятадын эрх ашигт төдийгүй Монгол Улсын болон бусад улс орнуудын эрх ашигт нийцдэг. “Айл хүний амь нэг, Саахалт айлын санаа нэг” гэдэгчлэн Хятад, Монгол хоёр улсын ард түмэн сайн нөхөр, сайн найз, сайн түншүүд билээ. Бид Монголын найз нөхөд Хятадын талын байр суурийг ойлгож үйл явдлын үнэн зөвийг харж, урьдын адил шударга зарчмыг мөрдөж, Хятадын талын төр улсын бүрэн эрх, “Нэг улс хоёр систем” болон хуулийн засаглалыг хамгаалах сэтгэл, зүтгэлийг тууштай дэмжинэ гэдэгт итгэж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна