Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 12 жилээр хорих санал гаргаж, хэргийг прокурорт шилжүүлжээ


МАН-ын удирдах албан тушаалтнууд төрийн албан тушаалыг худалдаж 60 тэрбум төгрөг босгохыг завдсан гэх хэрэг хэдэн он дамжин яригдаж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагынхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас 60 тэрбумын хэргийг сэргээн шалгаж эхэлсэн байдаг.

Тэгвэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгаж, хэргийг шалгаж эцэслэсэн бололтой. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хүмүүст холбогдох хэргийг Тагнуулын Ерөнхий Газар шалгаж өнгөрсөн пүрэв гарагт  яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Ингэхдээ, Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 12 жилээс доошгүй хугацаагаар хорих саналыг яллагдагчаар татах хүсэлтдээ тусгасан гэнэ. 

Эрүүгийн хуулийн 19.2.1-т “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн; төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн саад учруулсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна