“Зуслан” аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй


Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ.

Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол “Санал гомдол” цэсэд 3 хүртэл гэрэл зургийг хавсарган хүрээлэн буй орчны эсрэг хууль, журам зөрчсөн үйлдлийн талаарх мэдээлэл, санал, гомдлыг ирүүлэх боломжтой юм байна. Таны ирүүлсэн мэдээлэл тус газрын эрхлэх асуудлын хүрээнд хамаарч байвал шалгаж нягтлан, авсан арга хэмжээний талаар хариу мэдэгдэх гэнэ. Видео бичлэг болон илүү олон зураг илгээх бол аппликэйшний зүүн дээд буланд байх нийгмийн сүлжээний хаягуудаар холбогдоорой.

Мөн “Зуслан” аппликэйшн нь зусланд амьдарч, түр оршин сууж, зорчиж буй иргэдэд зориулсан байгаль орчныг хамгаалах чиглэлийн мэдээлэл, зөвлөмжүүд бүхий Зуслан, Төрийн үйлчилгээ, Ногоон хөгжил зэрэг туслах цэсүүдтэй аж. Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах иргэн бүрийн журамт үүргээ биелүүлэхэд тань туслах “Зуслан” аппликэйшнийг ашиглахыг уриалж байна гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна