Тэргүүлэгч Ш.Үнэнбат Чингэлтэй дүүргийн дахин төлөвлөлтийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажилд анхаарч ажиллана гэв


Чингэлтэй дүүргийн Х хорооны хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барьж буй барилга, “Дэд бүтцийн төв” төсөл болон инженерийн шугам сүлжээний ажлын бодит байдалтай танилцахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, холбогдох яам, агентлагийн төлөөллүүд газар дээр нь ажиллав.

Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороо, Дэнжийн  мянга орчмын А хэсэгчилсэн талбай нь батлагдсан бөгөөд байршил нь 39.7 га буюу 581 нэгж талбартай юм.  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр  3358  айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга тус тус барихаар төлөвлөсөн. Төслийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд барих инженерийн шугам сүлжээний ажил хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн X хороо Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль орчмын хэсэгчилсэн талбайд барьж буй барилгын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил удаашралтай байгаа аж. Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон Тэргүүлэгч Ш.Үнэнбат цэвэр, бохир усны хангамжийн асуудлаар Ус сувгийн удирдах газар, Ус дулаан дамжуулах төв, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн дэд бүтцийн газар, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” төрийн өмчит компанийн удирдлага, Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженер болон  гүйцэтгэгч компани болох “Намуун дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр нартай уулзаж инженерийн шугам сүлжээний асуудлыг хурдан шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иймд X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй “Бармон” ХХК-ийн 234 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэнээр энэ онд ашиглалтад орох юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна