АН Ерөнхийлөгчийг УИХ-аасаа сонгодог байх ёстой гэв


АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн. Улмаар хурлын дараа тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн асуудлаар ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшин даргад гурван зүйлийн шаардлага хүргүүлж, байр сууриа илэрхийлсэн.

Нэгдүгээрт энэ улс орон парламентын засаглалтай юм бол Ерөнхийлөгчийг УИХ-аасаа сонгодог байх ёстой.

Хоёрт эдийн засгийн хөгжлийг бүрэн хангана гэвэл орон нутгийн хөгжлөөс эхлэх ёстой. Тиймээс орон нугтгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр Үндсэн хуульд заавал зүйл заалт оруулах ёстой.

Гуравт ард түмний засаглах эрхийг хангах зорилгоор УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах ёстой гэсэн гурван асуудлыг Үндсэн хуулиийн өөрчлөлтөд зайлшгүй тусгах шаардлагатай.

Энэ саналуудаа ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдлээ. Гол анхаарал татаж байгаа асуудал бол Үндсэн хуулийг өөрчлөх эрх мэдэл ард түмэнд байгаа шүү гэдгийг хэлье. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмний саналаар батлуулах ёстой гэсэн бидний байр суурь хэвээрээ байгаа. Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 06-ний 21 тоот албан бичгээр УИХ-ын дарга Г.Занданшатарт санал хүргүүлсэн. Энэ саналд  “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухайн хуулийн 17-р зүйлд заасан санал хураалтыг УИХ-ын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах санал хүргүүлж байна” гэж мэдэгдсэн. Улмаар чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж наймдугаар сарын 14-ний дотор УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсээд тогтоолын төслийг хавсаргасан албан тоотыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

Хэрвээ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг олонхоороо хүч түрж шийдвэл АН хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ дахин хэлэх нь зүйтэй. “ гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна