Засгийн газраа огцруулсан үзүүлэлтээр Геннест бүртгүүлэхэд ойрхон байна


Бохир улс төр, авлига шургалсан шударга бус тогтолцоо ажилгүйдэл, ядуурлыг бий болгож, нийгэмд гажиг үүсчихлээ гэдгийг монголчууд нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Одоо үүнээс гарах ямар гарц байна вэ гэсэн асуултын хариуг нийтээрээ хайцгааж буй. Тогтолцооны гажиг юунаас үүссэн байх вэ. Буруутан нь хэн бэ?

Шударга бус нийгмийг бүтээсэн, тогтолцооны гажигийн нэг хэсэг Үндсэн хуульд байна гэсэн санааг сүүлийн 10 жил хуульчид, хууль тогтоогчид нэлээн ярьж байгаа. Мэдээж хэрэг бүх бурууг Үндсэн хуульд тохох учиргүй. Гэхдээ засаглалыг бүрдүүлэх зарчмаа хуульчилсан Үндсэн хуулийн заалтууд цаг үеэсээ хоцрогдсон нь тогтолцооны гажгийн нэг том шалтгаан гэдэгтэй олон хүн санал нийлэх болсон.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яг одоо УИХ дээр яригдаж байна. Хуулийн өөрчлөлтийг тойрсон, янз бүрийн шүүмжлэл ч тасралтгүй гарч буй. Олон ургалч үзлээс засаглалын хэврэг байдлыг сайжруулах муу биш хувилбарууд төрөх болов уу гэсэн найдвар нийгэмд бий болоод байна.

Гэхдээ Үндсэн хуулийн төслийн өөрчлөлт ямар хэмжээнд боловсруулагдсан бэ гэдгийг анхааралтай үзсэн хүний тоо, үзээгүй хүмүүсийнхээ тооноос цөөн байгаа бололтой.

Монгол Улс Үндсэн хуультай болсон 27 жилийн хугацаанд 15 Засгийн газар огцорсон байдаг. Энэ нь нэг Засгийн газар дундажаар 1.7 жил ажиллаж, 27 Ерөнхий сайд мэндэлсэн гэсэн үг юм. Ерөнхий сайдаа дагаад Засгийн газрын танхимд салбар салбарт шинэ сайдууд томилогдсон. Харин энэхүү 27 жилд сайдын суудалд 300 хүн сууж үзжээ.

Монголчууд энэ гайхамаар баримтыг бүрдүүлсэн 30 жилийн хугацаанд улс орны хөгжил тушигдаж, нийгэм өнөөдрийн хэмжээнд хүртэл хямарчихаад байгаа нь үнэн юм. Байдал энэ хэвээр үргэлжилж, дахин хоёр сонгуулийн ард гарахад л монголчууд Засгийн газраа огцруулсан үзүүлэлтээрээ Геннесийн амжилтыг эвдэнэ гэсэн үг.

Байсхийгээд Засгийн газраа шилгээж орхидог хий үзэгдэлийг хөөвөл сайдын суудлын төлөөх улс төрийн нам, фракциудын өрсөлдөөн, олон өрсөлдөгчөө ялж сайд болох гэсэн хэн нэгний лообий, энэ суудалд суухын тулд төлсөн авлига ч хөндөгдөнө.

Араас нь эдийн засаг, зам тээвэр, хөдөө аж ахуйн гэх мэт салбарын мэдлэггүй, ойлголтгүй хүмүүс нийгмийн гол салбаруудыг толгойлдог. Салбарын жаргал, зовлонг мэддэггүй шинэ сайд нар мэргэшсэн албан хаагчдыг нь халж, ажлын байруудыг өөрсдийн шахааны хүмүүстээ авч өгсний гороор нийгмийн бүх л салбар ганхахад хүрсэн эмзэг сэдэв ч цухуйна.

Үнэн хэрэгтээ улстөрчид сайд болохын тулд төлсөн мөнгөө олж авахын тулд төсөл хөтөлбөр, тендерт эзэн сууж, өөрөө хөрөнгөжиж, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргээс мултарч төгсдөг өнөөгийн дүр зураг, мафитай кино ингэж л бичигдсэн.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд нийгмийн гол хөдөлгөх хүч болсон салбар бүрт нүүрлэсэн хямрал, сайдын төлөөх улс төрийн нам, бүлэглэлүүдийн өрсөлдөөнийг багасгах зохицуулалтыг нэлээн суулгаж өгчээ. Энэ нь төслийг хуульчид ч, улс төрийн намууд ч эерэгээр хүлээн авах шалтгаан болж байх шиг байна.

Тухайлбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 29 дүгээр зүйлд: УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсрахгүй.

39 дүгээр зүйлд: Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Нэг Засгийн газарт УИХ-ын дөрвөн гишүүн л сайдаар ажиллана.

46 дугаар зүйлд: Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх, халахыг хориглоно гэх мэт заалтууд орж иржээ.

Зөвхөн эдгээр заалт улс төрийн нам, бүлэглэлүүдийн захиалгаар голдуу огцордог Засгийн газрын насыг уртасгаж, төрийн албыг тогтворжуулж, хувийн ашиг сонирхлоор сайдын суудалд шунасан, давхар дээлтэй сайд нарыг төрүүлэхгүй байх боломжийг бүрдүүлэх давуу талтай харагдаж байгаа юм.

Аль нэг Засгийн газар огцроход ирц нь хүрэхтэй үгүйтэй байдаг УИХ-ын чуулганы танхим дүүрчихдэг. УИХ өдөржин, шөнөжин хуралдаж, хуралдааны танхимд үг хэлдэггүй гишүүд хэлд орж, нэг биш удаа үүр шөнөөр Засгийн газраасаа салж амарсан ийм дүр зургийг монголчууд цөөн биш харсан.

Засгийн газрыг огцруулах саналыг илээр хураадагаас УИХ-ын гишүүд саналаа ч өгч чаддаггүй. Тэд өөрсдийнх нь ард амь бөхтэй оршдог нам, бүлэглэлээсээ жийрхэхдээ кнопоо тэдний шахалтаар дардаг гэдгээ ч нуухаа больсон.

Зарим гишүүд ийм санал хураалтаас зугтаан, чуулганы танхимыг орхисон тохиолдол ч бий. Энэ асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 27 зүйлд оруулсан өөрчлөлтөөр зохицуулах асуудал яригдаж байгаа юм байна.

Энэ нь хэрвээ хуулийн заалт энэ хэвээр батлагдвал УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн бол нууц санал хураалт явуулна гэсэн үг.

Юутай ч УИХ-ын 60 гаруй гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг улс төрийн намууд эерэгээр хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлээд байна.

Үүгээрээ тэд өнгөрсөн 30 орчим жилийн бараан түүхийг бичиж, засгийн эрх барих зарчимд бохир арга барил нутагшуулсан  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх шиг. Өөр нэг гэгээтэй зүйл бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хуульчид санаачилгатай оролцож, үзэл бодлоо нэмэрлэж байгаа явдал юм.

Д.ОРГИЛ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна