С.Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй


Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллалаа.

Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Фүжи девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд “Нэхмэлийн шарын нийт найман байрны 240 өрхийг барилгажуулах төслийн эхний төсөл болох нэхмэлийн 5 дугаар байрыг буулгаад ашиглалтад энэ онд өгч айлууд нь орсон. Дараагийн төсөл болох нэхмэлийн 6 дугаар байрны барилга угсралтын ажил 70 хувьтай хийгдсэн. Нэхмэлийн 10 дугаар байрны суурийн ажил нь явж байна. 1, 2 дугаар байрыг буулгачихсан. Төслийн хоёрдугаар ээлжинд нэхмэлийн шарын нийт 90 айлыг энэ байр руугаа оруулна” хэмээв.

Хотын Захирагч төсөл хэрэгжихэд нийслэлээс шалтгаалж буй хүчин зүйл болон тулгамдсан ямар асуудал байгааг тодруулж асуув. “Дэд бүтэц, зарим айлуудын газар чөлөөлөлтийн асуудал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын орон сууцанд зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан, иргэн үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн олговор аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчээс шаардсан, энэ асуудлаас болж шүүхийн маргаан үүссэн гэх зэрэг асуудлууд байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан тендерт шалгарсан “Алианс Тек” ХХК-ийн гадна инженерийн шугам сүлжээний ажил хийгдэхгүй удааширч байгаа нь барилга ашиглалтад ороход саад учруулж байна. Иймд барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай техникийн нөхцөлийг гаргахад дэмжлэг үзүүлмээр байна” хэмээн төсөл хариуцсан гүйцэтгэгч компани болох “Фүжи девелопмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд Хотын Захирагчаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ганц хоёр хүний эрх ашгаас болж төсөл хөтөлбөрүүд хэдэн арван жил зогсдог асуудал байж болохгүй. “Алианс Тек” ХХК есдүгээр сарын 15-ны дотор дахин төлөвлөлтийн байрны дэд бүтцээ дуусга. Дуусгасны дараа төсөл хэрэгжүүлж буй компаниуд хамтраад энэ орчмын хотын эвдэрсэн зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг буцаагаад яг байсан хэвэнд нь оруулах шаардлагатай. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар энд хяналтаа тавьж ажилла. Шүүхийн маргааны асуудлыг иргэдтэйгээ зөвшилцөж, ажлаа цааш нь үргэлжлүүл. Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй” гэв. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд энэ байршилд орон сууцны хороолол дунд газар олгосон байршлуудын газрын зөвшөөрлийг цуцлахыг үүрэг чиглэл болгосон юм.

Түүнчлэн барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компани нийгмийн хариуцлагын хүрээнд ажил гүйцэтгэж буй орчмын 150 м замыг өөрсдийн хөрөнгөөр барих ажлыг Авто замын газартай хамтран шийдэх асуудлыг санал нэгтэйгээр дэмжив. Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч компаниуд хамтран бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна