“Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг өөрчилж чадлаа


УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Сар орчим үргэлжилсэн хэлэлцүүлгийн явцад анхны төслийг Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөлтэй нэгтгэсэнээрээ онцлог. Ерөнхийлөгчийн зүгээс үндсэн хуулийн  24 зүйл 49 заалтад өөрчлөлт оруулахаар саналаа өгсөн бол УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Үндсэн хуулийн 24 зүйл 53 заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгасан. Гишүүдийн өргөн барьсан төслөөс 80 гаруй хувийг нь хоёрдугаар хэлэлцүүлгийн явцад олонх дэмжсэн бол ерөнхийлөгчийн өргөн барьсан төслөөс зөвшилцөх байдлаар дийлэнхийг нь дэмжлээ. Ийнхүү үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх гол хэлэлцүүлгийг өндөрлүүлснээр УИХ дахь МАН-ын гишүүдийн 100 хувийн саналаар Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Олон нийтийн хүсэж байсанчлан 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийн ихэнхийг буцаасан нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн гол үр дүн.

Эцэг хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах боломж тэр бүр тохиогоод байдаггүй. Харин энэ боломжийг энэ удаагийн УИХ бүрэн дүүрэн ашиглаж чадсан эсэх нь эргэлзээтэй. Ямартаа ч дордуулсан долоон өөрчлөлтийн нэг болох УИХ-ын ажлын бүтээмжийг бууруулж, хагас жил тутамд 75 хоног хуралддаг байсныг багасгаж 50 болгож багасгасныг буцааж 75 болгов. Мөн аливаа шийдвэрийг чуулганд оролцсон гишүүдийн олонх буюу хориодхон хүний саналаар шийддэг болгосныг 39-өөс тооны саналаар болгож өөрчлөн тогтлоо. Энэ мэтчилэн УИХ-ын байнгын үйл ажиллагаа болон хууль тогтоох үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан заалтуудыг буцаах юмуу сайжруулах байдлаар оруулж чадсан. УИХ-ын хэтийдсэн эрх мэдлүүдийг хязгаарласан заалтууд ч орлоо. Тухайлбал Засгийн газраас өргөн барьсан төсвийг УИХ-аас дураар нэмж тойргийн ашиг сонирхлыг хүчтэй тусгадаг байсныг зогсоож, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлж үл болно гэсэн заалтыг оруулах болов. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ч мөн шинээр нэмж оруулсан. Түүнчлэн УИХ тарах тухай механизмыг маш тодорхой зааж өгснөөр ажлаа хийдэггүй ч хэнэггүй царайлан ширээ сандалтайгаа зууралдан суугаад байдаг гишүүдтэй хариуцлага тооцох боломж бүрдлээ.

Судлаачдын зүгээс сайшааж байгаа асуудлуудын нэг бол улс төрийн намыг чадавхижуулах, хариуцлагатай болгох зорилгоор анх удаа Үндсэн хуулиндаа “Намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцэж, хөрөнгө орлогын эх үүсвэр болон зарцуулалт нь ил тод байна” хэмээн зааж өглөө. Шүүх засаглалын хараат бус байдлыг хангах чиглэлд ч дэвшил гаргаж чадсан гэж үзэхээр байна. Гэхдээ дээр дурдсанчлан алтан боломжоо ашиглаж чадаагүй хэмээн судлаачдын сэтгэл дундуур байгаа зүйл нь Ерөнхий сайд дангаараа танхимаа бүрдүүлэх санал хэдхэн гишүүдийн хувийн эрх ашгаас болж уналаа.

Ингэснээр тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг бүрдүүлэх боломж гарц хэмээн харж байсан гол шийдэл нь дэмжигдээгүй явдал юм. Мөн ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын хууль тогтоох болон төлөөллийн  чадамжийг сайжруулахын тулд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож нэмэх санал хүчтэй явсан ч олон нийтийн зүгээс эсэргүүцсэн тул дэмжигдсэнгүй. Энэ мэтчилэн зориглож чадахгүй үлдээсэн асуудал мэр сэр үлдсэнийг судлаачид дүгнэлээ. Харин ардчилсан намын зүгээс гэнэт мэдэгдэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар оруулсан нэмэлт өөрчлөлтийг үгүйсгэж эхэлсэн нь сөрөг хүчний дүрдээ хэт итгэж,  ард түмэнд таалагдах гэсэн нэг ажиллагаа ч гэж үзэх нэгэн байна. Ямартаа ч Үндсэн хуулийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулахаар болсон юм. Ингэснээр удаан хугацаанд дуншсан энэ чухал төсөл тодорхой чигийг олно гэдэгт иргэд итгэж байна.    
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна