Нийгмийн захиалгын дагуу УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг шаардаж байна гэв


МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 16-нд хуралдаж одоогийн УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах хууль зүйн хангалттай үндэслэлтэй хэмээн үзэж тарахыг шаардаж тогтоол гаргажээ. Өнөөдөр /09.19/ тогтоолын шаардлагыг олон нийтэд танилцуулж, УИХ-д хүргүүлж хэвлэлийн хурал зохион байгуулав.  МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хурлыг нээж “Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчиж төрийн эргэлт хийх замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайрч байгаа УИХ-ын гишүүд ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлж 60 тэрбумын хэрэгт анхнаасаа холбогдсон, УИХ-ын 49 гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл авсан. Мөн эмэгтэй хүнийг хүчиндсэн, Концессийн хэрэг, тендер, хүн амины хэрэгт нэр холбогдсон тул өнөөгийн УИХ цаашид ажиллах ёс зүйн эрхгүй, хууль зүйн чадамжгүй гэж Монголын ард түмэн үзэж байна. Иймд МАХН-ын Гүйцэтгэх товчоо  нийгмийн захиалгын дагуу УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж үзэж ийнхүү тарахыг шаардаж байна” гэж тогтоолыг танилцууллаа.

Энэ УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах шалтгааны үндэслэлийг тайлбарлахдаа  2016 онд 60 тэрбумын гэх хууль бус аргаар бүрэлдсэн өнөөгийн УИХ байгууллагдсан цагаасаа эхлэн хууль зүйн болон ёс зүйн хувьд төрийн эрх барих дээд байгууллага байх, түмнийг төлөөлөх эрхгүй гэдэг нь тэдний олон үйлдлээр батлагдлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн ихэнх нь ард түмний, бизнес эрхлэгчдийн боломжийг хааж, ЖДҮХС-гаас их хэмжээний зээл хулгайлсан Засгийн газрын гишүүд нь Концессийн гэрээг хувьдаа болон хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан авсан нь олон түмэнд ил болсон. Дүгнэлт нь гарсан Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээг шалгах ажлын хэсгийн материалыг УИХ-д хэлэлцэхгүйн тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайран дайрч байгаа нь УИХ-ыг тарах хангалттай үндэслэл болж байна.

Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж буй үед өөр асуудал хэлэлцдэгүй гэсэн журамтай. Үүнийг ашиглан ямар ч бэлтгэлгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн. ЖДҮХС-гийн хэрэг болоод бусад үйлдлээрээ барьцаалагдсан УИХ-ын гишүүдээр гарын үсэг зуруулж УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулахаар зохион байгуулж буй “ажиллагаа” нь үнэн хэрэгтээ өргөн хэрэглээний бараа, нефтийн бүтээгдэхүүн, шатахууны үнийн өсөлт, утааг 50 хувь бууруулна гэсэн Ерөнхий сайдын амлалт биелэх боломжгүй болж байгаатай холбоотой гэж үзэж байна гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна