Ү.Амарбат: 2020 оны сонгуульд ялагдахаасаа урьтаж асуудлыг ашигтайгаар эргүүлж байж мэднэ


УИХ-ын ээлжит бус сонгууль явуулна хэмээн УИХ-ын гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Энэ тоо 51-д хүрэх л юм бол УИХ тарах, УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах нөхцөл бүрдэх юм. Энэ талаар Хууль судлаач Ү.Амарбаттай ярилцлаа.

-УИХ-ыг тараагаад ээлжит бус сонгууль дахин явуулна гэж дээр дооргүй ярьж байна. Хууль судлаач хүний хувьд энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

-Ээлжит бус сонгуультай холбоотой яриа маш хүчтэй гараад байна. Ээлжит бус сонгууль хэрхэн явуулах вэ, сонгууль явуулах ямар нөхцөл бүрдэж байж ээлжит бус сонгууь явуулах вэ гэдгийг Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гэх мэтчилэн хуулиудад маш тодорхой зааж өгсөн.

Одоогоор УИХ-ын ээлжит бус сонгууль явуулж болох ганцхан нөхцөл байгаа. Энэ нь УИХ-ын 51 ба түүнээс дээш тооны гишүүн, тодруулбал УИх-ын гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүн УИХ-ыг тарах нь зүйтэй гэж үзвэл ээлжит бус сонгууль зарлаж болох нөхцөл харагдаж байгаа.

-Олон нийт уг нь УИХ тарахыг маш их хүсч байсан. Гэтэл өөрсдөө таръя гээд яриад эхлэнгүүт дургүйцээд байх юм?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс авч байгаа мэдээллээс харахад ийм ажиллагааг эрх баригчид хийж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Энэ бол хууль зүйн болон улс төрийн үр дагавартай. Хууль зүйн хувьд энэ бол өмнө нь Монгол Улсад байгаагүй жишиг. УИХ тарж байгаа тохиолдолд ээлжит бус сонгуулийг зарлаад явуулах нөхцөл байдал үүсэх нь ойлгомжтой.

Харин үүнийг өвөл, хавар явуулах гэдэг нь улс төрийн шийдвэр. Нэгэнт УИХ тарах гэдэг шийдвэр гаргачих юм бол араас нь дараагийн сонгууль зайлшгүй хийгдэх ёстой болчихож байгаа учраас ээлжит бус сонгуулийг зарлахас өөр аргагүй болно.

Нийгэм, олон нийт энэ асуудалд янз бүрээр хандаж байна. Төр засаг удирдаж байгаа хүмүүс яг ямар алхам хэрэгжүүлж байна, тэр алхмынх нь эсрэг алхмыг дандаа зөв гэж үздэг хандлага бий болчихож. Энэ нь явсаар сүүлдээ нийгмийн уур амьсгал болчихлоо.

Өмнө нь “”УИХ тарах байсан юм. Ёс зүйгүй юмнууд өөрсдийгөө хамгаалаад болиосой” гээд л тараах талаас нь ярьдаг байсан бол одоо УИХ өөрөө ер нь тарчихвал яадаг юм бэ гээд яриад эхлэнгүүт “парламентын тогтвортой байдал, яасан гэж тардаг юм. Хугацаагаа дуусга. Сонгуулийг нааш нь татаж байгаа нь улс төрийн зорилготой” гээд ярих жишээтэй.  

-Тэгвэл таны хувьд парламент тарахыг дэмжиж байгаа юу?

-Парламентыг тараах гэж байгаа энэ нөхцөл байдлыг миний хувьд гацаанаас гарах нэг боломжит хувилбар гэж үзэж байгаа. 100 хувь дэмжиж байна гэж хэлэхгүй. Хувь хүний үүднээс хэлэхэд гацаа үүсчихсэн байгааг бид маш тодорхой харж байна. Энэ гацааг нь сүүлдээ Ерөнхийлөгч нь тайлж өгдөг, тайлж өгөхдөө өөрийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлдэг, сүүлдээ УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван институцийн байх байх байр нь алдагдаад, муу жишиг үүсгээд удчихлаа.

Тиймээс цаашид ужигруулахын оронд иргэдээр эцэслэн шийдвэрлүүлэх нь зөв байх гэж харж байна. Нийгмийн хүлээлтэд ийм байдлаар хариулт өгөх боломжтой. Нэгдүгээрт эрх ашгийн, сонирхлын зөрчилд бүрэн автчихсан парламент заавал бүрэн эрхээ дуусгах шаардлагагүй гэдэг жишгийг тогтоож өгөх нь зөв.

Мэдээж сонгууль ойр ойрхон болох нь асуудалтай ч гэсэн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа парламент дөрвөн жилээ дуусгах нь илүү асуудалтай, хохиролтой. Тийм учраас ээлжит бус сонгууль зохион байгуулахыг ингэж зөвтгөж болно. Хоёрдугаарт парламентийн засаглалтай оронд УИХ нь засгийн эрхийг хэрэгжүүлдэг.

УИХ нь өөрөө дотоод асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй, Ерөнхийлөгчийн институцтэй зөвшилцөж чадахгүй, эрх барьж байгаа нам нь олонхоо бүрдүүлж чадахгүй, Засгийн газрыг нь дэмжиж байгаа иргэдийнх нь тоо өндөр байгаа хэрнээ бодлого нь
УИХ дээр явахгүй бол парламентийн засаглалтай улс оронд ийм үед Ерөнхий сайд нь өөрөө мэдэгдлээ хийгээд парламентаа тараагаад сонгуулиа явуулдаг.

Манайд бол Ерөнхий сайд шууд тарааж болохгүй учраас 51 гишүүн нэгдэж байж л тараана. УИХ дотор болоод байгаа намуудын, нам дотор, Ерөнхийлөгчтэй, шүүхтэй хийгээд байгаа гурвалжин, дөрвөлжин тэмцэл, үүнээс болоод шийвэр гаргаж чадахгүй нөхцөл байдлыг иргэд хэнийх нь зөв гэж үзээд, хэнийг нь эцсийн байдлаар дэмжээд байгаа, цаашид гурав дөрвөн тал болчихсон энэ улсуудын аль хэсгээр нь улс орноо удирдуулах вэ гэдэг дүнгээ иргэд өөрсдөө тавих ёстой.

-Хэрвээ ээлжит бус сонгууль болвол ямархуу дүр зурагтай баг бүрдэх бол?

-Тэгэхээр ордонд шийдэхгүй байгаа гацааг иргэд рүү оруулаад иргэдээр өөрсдөөр нь эцэслүүлэх хэрэгтэй. Хэрвээ ээлжит бус сонгууль явуулбал нэг бол энэ засгийг удирдаж байгаа Ерөнхий сайд тэргүүтэй, түүнийг дэмжих парламентын гишүүдийг иргэд сонгоно. Эсвэл энэ ерөнхий сайд биш, түүний эсрэг талд байгаа өөрийнх нь намын эсрэг талынхныг дэмжинэ.

Эсвэл бүр АН,МАХН юм уу, дахиад цаашаа задарч хуваагдахгүй, нэг бодлогоор сонгуульд орж, бодлогоо яаж хэрэгжүүлэх тал дээр маргахааргүй ийм хэмжээний багийг иргэд сонгох байх. Тэр багаа Ерөнхий сайд нь удирдаад, тогтвортой бодлого хэрэгжүүлэх нь нийтлэг эрх ашийн хувьд эерэг үр нөлөөтэй. Харин сөрөг тал нь тогтвортой байдлын асуудал.

Манайх өмнө нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж байсан жишиг байхгүй. Гэхдээ нэг юмыг хийгээд үзчихвэл, хоёр, гурав, дөрөв дэхээ хийхдээ их сайн. Тэгэхээр цаашид ойр ойрхон парламент тараад байдаг болчих вий гэсэн болгоомжлол бий.

-“УИХ-ын гишүүд гарын үсэг зураад таръя гээд байгаа нь ажил хийх дургүй байна, ажил хиймээргүй байна гэсэн үг” гэж О.Баасанхүү гишүүн ярьж байсан. Хэрвээ гарын үсэг цуглуулаад УИХ тарлаа гэж бодоход тэднийг дараагийн сонгуульд оролцуулахгүй байх нь зүйтэй юм биш үү. Ер нь ухамсраараа өөрсдөө татгалзах хэрэгтэй гэсэн санаа олон нийтийн дунд байна?

-Тарах гээд байгаа шалтгаан руу нь бид ингээд орж байгаа юм л даа. Ер нь яах гээд тарах гээд байна гээд. Айсуй ирж буй асуудлуудаас болоод 2020 оны зургадугаар сард ялагдах магадлалтай байгаа учраас тэрнээс урьтаж сонгуулийг наашлуулж эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар асуудлыг эргүүлэх гэж байна гэсэн хардлага хүмүүсийн дунд нэлээд байх шиг байна. Энэ бол бас л байж болох хардлага.

Хүний сонгуульд нэр дэвших эрхийг зөвхөн Сонгуулийн тухай хуульд заасан тодорхой хэдэн үндэслэлээр л хязгаарлаж болно. Тодруулбал 25 насанд хүрээгүй байх, ял шийтгэл эдэлж байгаа, цэргийн алба хаагаагүй, хугацаа хэтэрсэн зээлийн болон татварын өртэй гэх мэт нөхцөлүүдээр л хүний нэр дэвших эрхийг хязгаарлана.

Тэгэхээр УИХ таръя гэж гарын үсэг зурсан гишүүн гарын үсэг зурсныхаа төлөө нэр дэвших эрхээ алдахгүй юм байна гэсэн үг. Харин хоёр янзаар энэ хүмүүсийн нэр дэвших эрх хязгаарлагдаж болно. Нэгдүгээрт нам нь энэ хүмүүсийг нэгэнт чи гацсан парламентад ажиллаж байсан учраас дахиж нэр дэвшүүлэхгүй гээд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байж болно.

Хоёрдугаарт энэ хүн өөрөө ёс зүйн хувьд ийм шийдвэр гаргаж болно. Ийм хоёр хувилбар л байна. Тэгэхээр үнэхээр энэ хүмүүсийг парламентад оруулна, оруулахгүй гэдэг шийдвэрийг эцсийн эцэст ард түмэн та бүхэн л шийднэ. Нэр дэвших эрхийг нь булааж авснаараа шийдэгдэхгүй.

Үнэхээр нийтийн хүсэл зоригийн эсрэг байна уу, үгүй юу гэдэг нь зөв сонголтоор л тодорхой болно. Бид долоон сонгууль өгсөн. Энэ бүхний дараа ухаарч ойлгосон хүмүүс үү, эсвэл дахиад л 50 мянган төгрөгөө хүлээгээд байж байх уу гэдгийг л дараагийн сонгуулиар харна даа.

Эх сурвалж: zaluu.com


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна