Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ: Дүрмээр соёлыг тогтоож зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье


Цагдаагийн Ерөнхий газраас зам тээврийн осол гэмтлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Яараад яах вэ дээ” аяныг амжилттай зохион байгуулсан. Аян үр дүнгээ өгч аяны хугацаанд зам тээврийн гэмт хэрэг 81 нэгжээр буюу  63.9 хувиар,  амь нас нь хохирсон хүн 11 нэгжээр буюу 21.7 хувиар, гэмтсэн хүн 46 нэгжээр буюу 59.5 хувиар  буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Тэгвэл энэ удаад Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний соёлыг олон нийтэд түгээх, хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор "Дураараа биш ээ ДҮРМЭЭРЭЭ"  аяныг эхлүүлээд байна. Тус аяныг ЗТХЯ, НЗДТГ, "Оюутолгой" ХК дэмжин ажиллаж байна.

Замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нар явган зорчигчдод болон бусаддаа хүндэтгэлтэй хандаж дүрмээрээ зорчиж чадвал түгжрэлийг 38 хувиар бууруулж чадна гэж албаныхан хэлж байна. Та авто машинаасаа буусан л бол явган зорчигч гэдгийг байнга санах хэрэгтэй.

Энэ удаад бид явган зорчигч та ямар давуу эрх, үүрэгтэй байдаг талаар сануулья!

- Явган зорчигч зөвхөн гарц, гармаар зам хөндлөн гарах үүрэгтэй. Хэрэв  үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.
- Хайс, хашилтгүй, зориулалтын хүлээлгийн хэсэгт зогсч автобус, таксигаар үйлчлүүлнэ. Өөрөөр хэлбэл чиглэлийн тээврийн хэрэгсэл, таксигаар үйлчлүүлэх хүмүүс болон замын дагуух тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулалтын хүлээлгийн талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд (явган хүний зам дээр буюу хөвөөний гадна захад), хайс, хашилтгүй хэсэгт хүлээх бөгөөд тээврийн хэрэгсэл ирж бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх үүрэгтэй.
Иргэд дээрх дүрмийн заалтыг мэдсээр байж гарцгүй газраар замын хөдөлгөөнд оролцож байгаа нь тээврийн осолд ихээр өртөх томоохон шалтгаан болж байна. Түүнчлэн жолооч надад зам тавьж өгөх ёстой гэсэн буруу хандлагаар өөрийн бие амь насанд аюулд учруулах нь их байна.

2019 оны 9-р сарын 24-ний өдөр зориулалтын бус хүлээлгийн талбай дээр зогсож байсан явган зорчигчийг нийтийн тээврийн автобус мөргөж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан. Иймээс замын хөдөлгөөнд оролцогчид дээрх дүрмүүдийг амьдралдаа хэрэгжүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.

Дүрмээр соёлыг тогтоож зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна