Ц.Нямдорж: Миний хүүхдэд хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Би 150 хувийн итгэлтэй байна


УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн  “25-р суваг тв”-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
-Сүүлийн үед та болон таны хүүхдүүдтэй холбоотой цөөнгүй дуулиантай мэдээллүүд цацагдлаа. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?
 
- Сүүлчийн цамцаа урагдтал лбоотой цөөнгүй дуулиантай мэдээлллүүд гарч байна. энэний төлөө би явна гэсэн байхаа. Энэ чинь л болж байгаа. Миний талаар хар гүтгэлэг тараах нь 2017 оноос эхэлсэн. Одоо оргилдоо хүрч явна. Тарааж байгаа гүтгэлэгүүд зөвхөн над дээр биш миний хүүхдүүд дээр ирж байна. 2017 оны “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль”-иуд дээр би огт ажиллаагүй. Би гишүүнийхээ хувиар байнгын хорооны хурал, чуулганы хуралдаанд л оролцсон. Тэр үед чинь Ш.Раднаасэд Байнгын хорооны дарга байсан. Хамгийн хөөрхөн нь яг тэр хуулийг хөөцөлдөж батлуулсан, ажлын хэсэгт нь орсон хүн нь миний дэд сайд байсан Б.Энхбаяр гэдэг хүн байгаа юм. 
 
- Гол асуудлыг Б.Энхбаяр таныг Ш.Раднаасэдтэй хамтарч байгаад шийдсэн гэж хэлээд байгаа шүү дээ?
 
- Одоо би хэлэх гэж байна. Засгийн газрын талаас С.Бямбацогт сайд, дэд сайд нь Б.Энхбаяр байсан. Батлуулсан гол хүн нь будлиан хутгах гэж оролдсон хүн нь  Б.Энхбаяр өөрөө. Өнөөдөр над руу бухаж байгаа юм, нэгд. Хоёрдугаарт, 2017 оны намар хөөн хэлэлцэх хугацаа элдвийн юм ярилцаж байхад Жастын Батхүүгийн хэрэг чинь мөрдөнд л байсан хэрэг шүү дээ.

Жастын Батхүүг би зүгээр л танихгүй. Амьдралдаа нэг удаа уулзаж үзээгүй хүн. Хоёр хүнтэй холбож наад хөөн хэлэлцэх хугацааг Ц.Нямдорж будилуулсан гэж гүтэгэлэг тараагаад байгаа юм. Нэгэнд нь Д.Дорлигжав. Д.Дорлигжав 2017 онд хэрэгт холбогдоогүй байсан. 2018 онд асуудал үүссэн. Бүүр тэр хуулийн чинь дараа. Нөгөөх нь тэр Алтжингийн Г.Алтан. Тэр үед Г.Алтангийн асуудал бас огт яригдаагүй байсан. Тэгэхээр би яаж тэр хөөн хэлэлцэх хугацааг чинь будилуулдаг юм. Яг болсон юм нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг дагуулж Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулах санал Засгийн газраас орж ирээгүй байсан.

Тэрийг ажлын хэсэг Байнгын хороон дээр хэлэлцэх үед гэнэт будлиан хутгасан. Будлиан хутгасан нь үнэн. 
Будлиан хутгасан гол хүмүүс нь дээд шүүхийн Х.Батсүрэн гэдэг шүүгч байгаа. Тэр санал гаргаад Байнгын хороон дээр яллагдагчаар татах гэдэг үгийг шүүхэд шилжүүлэх гэдэг үгээр сольсон юм байналээ. Ингээд тэрийгээ батлуулсан. Тэр үед нь би “Наадхыг чинь болохгүй” гэж хэлж байсан протокол нь одоо байна. 
 
Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг зүйл чинь миний эсэргүүцэж байсан асуудал. Хөөн хэлэлцэх хугацаа гэдгийн будлиан яг юунаас үүдэлтэй вэ гэхээр 2002 оны эрүүгийн хуулийг өөрчилсөнтэй шууд холбоотой. Ингэж өөрчилж болохгүй гэж би бослого гаргаж байсан хүн. Зүтгүүлсээр байгаад баталсан. Тэрэн дотор юу хийчихсэн юм бэ гэхээр гэмт хэргийн ангилал гэдгийг байхгүй болгочихсон. Хүнд, хөнгөн, хүндэвтэр, онц хүнд гэсэн

төрөл ангилалтай байсан юм. Тэр дөрвөн төрлийнхөө ангиллаас шалтгаалаад хөөн хэлэлцэх хугацаа нь жишээлбэл, онц хүнд, хүндэвтэр хэргүүд нь урт, найман жилээс дээш гэдэг ч юмуу. Тэр хугацаануудыг нь байхгүй болгоод сүүлд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг гаргахдаа тэрийг нь дагасан будлиан хийсэн. Тэрийгээ ойлгохгүй байгаа юм.  
 
Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг дарж, хуйвалдаж, тодорхой төрлийн хэргийг замд нь устгах ажлыг шүүх, прокурор, авлигатай тэмцэх газрын түвшинд хийж байгаа. Энэ булхайгаа нуух гэж зохиомол улс төрийн гүтгэлэг гаргаж над руу дайрч байгаа юм. Жастын Батхүү гэдэг хүн 2013 оны 08 сарын 21-нд хоригдсон. Дуусгах шийдэх цаг болсон. Одоо хүртэл байхгүй. 
 
- 40 сая долларыг төр өмнөөс нь төлчихсөн хэрэг байгаа. Үүнийг Жастын Батхүүгээс яаж буцааж авах гэдэг асуудал байгаа?
 
- Одоо шүүхийн шатанд байгаа. Яагаад шийдэхгүй байгаа юм. Энэ надад хамааралгүй асуудал шүү дээ. Би хэрэв энэ хэргийн асуудалд оролцоод эхэлвэл шүүн таслах ажиллагаанд оролцлоо гээд над дээр хэрэг үүсгээд эхэлнэ. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан байхдаа ярганы хэргээр дуугарах юм бол “Чамайг баривчлана” гэдгийг чуулган дээр хэлснийг та нар харсан биздээ. 

40 сая долларын төлбөрийг Ш.Батхүүгээр төлүүлэх эрх нь нээлттэй Л.Оюун-Эрдэнэ прокурорт хандчихсан л байгаа шүү дээ. Ш.Батхүүгийн хөрөнгүүд зөндөө байсан. Тэр хөрөнгийг яаж булааж авсан, хаашаа зувшуулсан гэдгийг шалгаж тогтоох асуудал. Би яриад л байгаа. Ш.Батхүү дээр байсан асар их хөрөнгө хаачсан юм бэ. Авлигатай тэмцэх газар үүнийгээ шалга. Тэгээд хохирлыг нь төлүүлэх арга хэмжээ ав аа. Бензин колонкууд байсан. Тэдгээр нь хаачсан. Бүх аймагт салбартай махны үйлдвэрүүд байсан тэр хаачсан бэ. Банк байсан хэн булааж авсан юм гэх мэтээр. 
 
-Их хурлын даргын зүгээс ял завших магадлалтай учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар яаралтай хуулинд өөрчлөлт оруул гэдэг чиглэлийг Засгийн газарт өгсөн гэж сонссон. Та энэ асуудал дээр?
 
- Их хурлын дарга чиглэл өгсөн юм байхгүй ээ. Худлаа. 
 
- Яамны зүгээс ажиллаж байгаа юу?
 
- Манай яам 07 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах гэх мэтийн хуулийн төслийг санаачлаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлээд сая би Их хуралд хүлээлгээд өгчихсөн. Үүн дотор хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа. Би хуулийн байгууллагад бүх дарга нартай ярьсан. Хөөн хэлэлцэх хугацааг богиносгох биш сунгачихсан байна. Луйврын заалтаар чинь. Танайхан уртасгасан юмыг богиносгосон гэж худлаа хэлээд хэрэг дарж луйвар хийж гэж байна. Энэ асуудлаа шийдээрэй гэдгийг би хэлсэн. 
 
- Сүүлийн үед зарим хэвлэлээр оролцсон зочид нь танай гэр бүл рүү хандсан нэлээн ноцтой мэдэгдлүүдийг хийж байна. Энэ нь хэр зэрэг бодитой вэ. Та үүнд хариу тайлбар хэлэх боломж байна уу?
 
- Бүгд л худлаа шд. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар манай яамны гадаа жагсаал цуглаан байгуулах шийдвэр гараад зөвшөөрөлгүй жагсаал цуглаан хийгээд удаж байна. Тэрэн дээр яригдаж байгаа бүх асуудал чинь худлаа. Гадаадад баригдсан яамны ажилтан гэнэ үү. Хар тамхины хэрэгт холбогдсон ч гэнэ үү бид нар тэрийг танихгүй, мэдэхгүй. Тэр хүнээс машин худалдаж авсан Ц.Нямдорж даалгавар өгсөн гэдэг чинь худлаа. Манай яамныхан 2017 онд намайг очсоны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөвлөснөөс давсан орлого гэж байдаг юм.

Хоёртэрбум орчим төгрөг тэр жил давсан. Тэр мөнгөөр Сангийн яам Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авч байгаад 30-аад машин авсан. Энэ 30-аад машин дотор гүтгэлэг дотор яригдаад байгаа машины асуудал байгаа юм. Тэр машин гадаадад хоригдож байгаа хүнтэй огт холбогдолгүй машин. Лотус гэдэг компани тэр машиныг зарсан. Лотус гэсэн байхаа. Тэр компанийн захирал дээр хоригдож байгаа хүнд огт холбоо байхгүй, танихгүй. Сүүлд нь хоригдож байгаа хүний хүүхэд нь ярилцлага өгсөн “Миний аавын зарсан машин Хууль зүйн яамтай ямар ч холбогдолгүй. Худлаа ярьж бид нар руу дайрч байна” гэсэн байсан.

Саяхан гадаад яаманд ажиллаж байгаад хөөгдсөн нэг залуу ярилцлага өгч баахан дайрч байна гэсэн. Би тэрийг дуулсан. Тэр хүний асуудлыг  Д.Цогтбаатар сайд нь Засгийн газрын хурал дээр санал оруулж ирж Ерөнхий консулаас нь чөлөөлүүлэх шийдвэр гаргуулсан. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Аливаа яамны тамгын газрын даргад Боловсон хүчний ямар ч эрх мэдэл байдаггүй. Би чинь тамгын газрын даргатай хүн шүү дээ. Тэр хүний дээд талд гурван дарга байдаг юм. Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нь байдаг. Гадаад яаман дээр явагддаг бүх томилгоо, чөлөөлөлт бол төрийн нарийн бичгийн даргын толгойлсон салбар зөвлөлөөр орж байж шийдвэр гардаг.

Элчин сайдыг татах, томилох асуудал Ерөнхий консулыг томилох, чөлөөлөх асуудал нь зөвхөн сайдын шийдвэрээр хийгддэг ажил. Тэгээд чөлөөлчихөөр нь баахан гүтгэлэг тарааж байгаа гэж би сонссон. 
 
- Таны хүү Н.Анхбаяртай холбоотой хэд хэдэн мэдээллүүд гараад байна. Үүнд эцэг хүний хувьд та  дотроо өмөөрөх үү, ямар нэгэн байдлаар хүү тань хууль зөрчсөн юм биш байгаа гэсэн болгоомжлол байна уу? 
 
- Миний хүүхдэд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй гэдэг дээр би бүр 150 хувийн итгэлтэй. Би хоёрхон хүүхэдтэй хүн. Миний хоёр хүүхэд элдэв муу юманд оролцдоггүй юм. Би хоёр хүүхдээрээ бахархдаг. Эцгийн хувьд. Надаас илүү хашир. Нэг нь манай яамны шийдвэр гүйцэтгэхийн худалдаж авсан машинтай холбогдсон гүтгэлэг, сүүлд нь хар тамхины наймаачин, сүлжээний эзэн болж хувирсан. Над руу дайрч болно. Эрдэнэтийн 49%-ийн өс хонзон, 2000 оны эрүүгийнхнийг учрыг нь олсны хонзон, ярганы хэргийн тухай ярьж, нөгөө этгээдүүд нь хариуцлага хүлээх шатандаа очиж байгаа учраас үүний хонзон явж байгаа.

Ярганы хэрэг чинь удахгүй шүүхээр шийдэгдэнэ. Би ярганы хэрэг гэж нэрлээд байгаа юм. С.Зоригийн хэрэгт холбогдуулж гэмгүй иргэдийг хэлмэгдүүлсэн асуудал. Энэ бол ярга. Эрүүдэн шүүсэн гэдэг үг багадна. Зөвхөн ял эдэлж байгаа хүмүүсийг биш ар гэрийг нь яргалсан. Сэтгэл санаа, материал, амьдралыг нь сүйтгэсний хувьд ярганы хэрэг. Үүнийг Ц.Элбэгдорж удирдаж зохион байгуулсан. 49%-ийн хулгайг Ц.Элбэгдорж удирдаж зохион байгуулсан. Тийм учраас Ц.Элбэгдоржийн гар хөлийн үзүүрээр хөдөлдөг хүмүүс энэ бүх гүтгэлгийг тарааж байгаа. Гадаад яаманд консул байж байгаад хөөгдсөн хүн чинь Ц.Элбэгдоржийн томилгоотой хүн. 
 
- Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүнийг хэлж байна уу?
 
- Тийм. Мөн. Элдэв юм ярьж гүйгээд байгаа хүмүүс чинь бүгд тийм учиртай. С.Эрдэнийн даалгавараар хийгдэж байгаа ажил. Би Ардчилсан намыг жаахан өрөвдөөд суугаад байгаа юм. Яагаад гээч Ардчилсан нам улстөрийн өрсөлдөгчийн хувьд манай намтай тэмцэх ёстой биш ганц надтай тэмцээд байдаг нь их сулдаж байгаагийн шинж. 
 
- Сөрөг хүчин чинь таны талаар янз бүрийн мэдээлэл тараах л байх. Гэхдээ таны хүүг элчин сайдаар томилох асуудалд таныг лоббидчихсон гэж олон нийт хардаад байгаа?
 
- Манай хүүхэд Гадаад яаманд 10-аад жил ажиллаж байна. Би томилгооны асуудлаар Д.Цогтбаатар болон өөр хэн нэгэн хүнд яриагүй. Өнөөдрийг хүртэл хэн нэгэнд яриагүй. Сайд нь санал оруулж ирсэн. Тэрийг нь Засгийн газар дэмжээд Ерөнхийлөгч руу санал явуулсан. Би хурал дээр нь сууж байсан. Би чамаас нэг юм асууя. Миний хүүхэд Монгол улсын иргэн мөн биздээ. Ажил мэргэжлээ сонгох, бусдын хүүхэдтэй ижил хөдөлмөрлөх, сайн хөдөлмөрлөсөн бол үр шимийг нь хүртэх эрхтэй биздээ. Үүнд ялгаварлан гадуурхаж болохгүй биз дээ.

Өмнөх томилгооноос ирээд 6,7 жил болж байна. Л.Болд Гадаад харилцааны яамны сайд байхад Санфранцискод Ерөнхий консул байж байгаад хугацаанаасаа өмнө буцаж ирсэн юм. Тэрнээс хойш Ардчилсан намынхан сайд Л.Болд, Ц.Болор байхад Гадаад яаманд ажиллаж л байсан. Манай яаманд ч гэсэн З.Энхболдын эхнэрээс эхлээд зөндөө л хүн ажиллаж байна. З.Энхболдын эхнэр манай Газрын дарга, тэгээд би хөөх ёстой юмуу. Үүнтэй ялгаа байна уу.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна