Т.Аюурсайхан: Хууль бус наймаанд холбогдсон 69 хүн өнөөдрийг хүртэл төрийн албандаа ажилласаар байна


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хууль бус наймаанд нэр холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр хүргэж байна 

Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэж байсан. Өмнө нь энэ талаарх мэдээлэл маш нууцын зэрэглэлтэйгээр Байнгын хороонд ирсэн байсан. Учир нь юу вэ гэхээр хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол улсын иргэдийн мэдээлэлтэй хамтатгаж ирүүлсэн байсан.

Ял эдэлж байгаа иргэдийн мэдээлэл нь төрийн нууцад хамаарах учраас хэрэг зөрчилд холбогдсон дипломатуудын мэдээллийг “Маш нууц” гэсэн дардастай Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн байсан. Бид үүнийг нууцын зэрэглэлгүйгээр хүлээж авсан байгаа. Нийт 69 иргэдийн мэдээлэл байна. Зарим нь дипломат төлөөлөгчдийн газарт өөрөөр хэлбэл Гадаад харилцааны яаманд харъяалагддаг, Монгол улсын төрийн албанд харъяалагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүс.

Зарим нь улстөрийн намуудын тодорхой удирдах дээд хурлын түвшний хүмүүс, дипломат болон албан паспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн иргэдийн мэдээлэл байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бусад тамхины наймаа, хууль бус наймаанд оролцож байгаа дипломат албан хаагчдын үйлдлийг нэг мөр таслан зогсоох, албанаас нь чөлөөлүүлэх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа.

Монгол улсад хар тамхины тархалт, хэрэглээ нэлээн газар авсан байна. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал мөн. Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гадаад дахь зөвхөн дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчаар зогсохгүй Монгол улс дотооддоо хар тамхины хэрэглээг таслан зогсоох.

Залуучууд иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, сүлжээг нь олж зогсоох, хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэж Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагад Байнгын хорооноос тодорхой чиглэл өгч хамтарч ажиллаж байгаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ асуудлыг хоёр удаа хэлэлцсэн. Нэг удаа хаалттай, нэг удаа нээлттэй байдлаар хэлэлцсэн.

Мөн тогтоол баталсан. 2019 оны зургаадугаар сарын 12-нд. Энэ тогтоолоор Засгийн газарт чиглэл өгсөн. Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарт чиглэл өгч хамтарч ажиллаж байгаа. Энэ нь ямар утгатай чиглэл вэ гэхээр нэр холбогдсон хүмүүсийг нэн даруй дипломат болон төрийн ажлаас нь чөлөөлөх, хоёрдугаарт хуулийн байгууллагаар дамжуулж хуулийн хариуцлага тооцох.

Энэ хүмүүсийг тухайн гадаад улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг дотооддоо хариуцах боломжгүй гэдгийг зарим хариуцлагатай хүмүүс хэлж байсан. Үүнийг Байнгын хорооны даргын хувьд зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны хууль тасралтгүй үргэлжилдэг. Дипломат алба нь тусгай алба. Монгол улсын төрийн албаны тухай хуулиар зохицуулагдана. Тэнд төрийн албаа хийж байгаад зөрчилд орсон хүмүүс Монгол улсын хууль тогтоомжоор хариуцлагаа хүлээж, зохих шийтгэлээ хүлээх ёстой. Тэнд бүртгэгдсэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбогдуулж Монгол улсын нутаг дэвсгэрт дээр энэ хүмүүсийг шалгах чиглэлийг цагдаа болон тагнуулын байгууллагад өгсөн. Тэнд гэмт хэрэг хийсэнтэй нь холбогдуулж Монголд давхар шийтгэж байгаа юм биш. Тэр хүмүүсийн хөрөнгө орлогыг нь шалгах, хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгжүүдийг шалгах. Хууль бусаар орж ирсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөний эх үүсвэрийг нь шалгах. Улмаар тухайн гадаад гэмт хэрэг үйлдэгдсэн ч гэсэн хууль бус хар тамхи, тамхины, хууль бус автомашин, наймааны олсон орлогыг нь Монгол улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлнэ гэдэг өөрөө гэмт хэрэг.

Түүнчлэн 69 нэрсийн жагсаалт гарсан байгаа. Төрийн албанд ЗГХЭГ, Гадаад харилцааны яамны харъяа болон төрийн бусад албанд ажиллаж байгаа хүмүүс болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна. Эдгээр хүмүүсийг цаашид ажлаас нь чөлөөлүүлэх, хуулийн байгууллагуудаар шалгуулах ажлыг Байнгын хорооноос удирдан зохион байгуулж ажиллана. 69 нэр бүхий этгээдүүд өнөөдрийг хүртэл Польшийн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах албаар нь эрэн сурвалжлагдаж байгаа. Гэтэл эдгээр хүмүүсийн зарим нь төрийн албандаа ажилласаар байна. 



 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна