МАН-ын Бага хурлаар Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжлээ


Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн. Улмаар өнөөдөр намын Бага хурлын IX хуралдаан цахимаар хуралдаж, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ. Одоо уг саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нь Засгийн газрын сайд, Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон бөгөөд үүнийхээ таван жилд сайдаар ажилласан туршлагатай. Түүнийг намын шат шатны байгууллага, залуучуудын байгууллага, төрийн байгууллага, ЗГ, УИХ-д ажилласан арвин туршлагатай, төрийн ажил, Засгийн газрын бодлогыг цааш залгамжилж авч явж чадах чадварлаг боловсон хүчин гэж үзэж буйгаа Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх болон намын Бага хурлын гишүүд хэлсэн юм. Ингээд гишүүдийн 99.2 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэхийг дэмжлээ.

Л.Оюун-Эрдэнэ нь 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль, 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгсөж, 2015 онд Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

  • 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
  • 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн тус тус ажиллаж байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна