"Хаан" болохыг мөрөөдсөн Ерөнхийлөгч маань юу ч хийж мэдэх нь

3 цаг 35 минутын өмнө

Монгол Улсад Х.Баттулга шиг Ерөнхийлөгч хэзээ ч байгаагүй 

Тийм ээ, түүн шиг эрээ цээргүй, засаглалын эрхийг гартаа авахыг улайрсан увайгүй Төрийн тэргүүн өмнө нь Монгол Улсад байгаагүй юм. Авлигыг цэцэглүүлэгч Н.Энхбаяр, шүүхийг атгагч Ц.Элбэгдорж нарыг Монголын ард түмэн жигшин зэвүүцдэг ч Х.Баттулгын дэргэд ардчиллын үнэт зүйл, зарчимтай явж ирснийг өнгөрсөн дөрвөн жил харууллаа.

 Х.Баттулгын сав л хийвэл хална, сална, цаазална, огцруулна, “бөлдөгдөнө”, Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэдэг увайгүй үгс монголчуудын цээжний мухарт айдас төрүүлж байна. Төрийн тэргүүн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн Ерөнхийлөгчийн засаглалыг сурталдан ухуулж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймагт хийсэн уулзалтууддаа онцгойлон ярьсаар явав.

Эрх баригч нам өнөрөгч онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан шинээр мөрдөгдөж байна. Хэлэлцүүлэх үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний ойрын хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалыг хөндөж, хөөрөгдөж явсан ч эрх баригчид тэдэнд боломж олгоогүй.

Гэсэн ч энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд оруулж, төрийн эрх мэдлийг авах түүний бодол огтоос өөрчлөгдсөнгүй. Тиймээс дарангуйлагч болох түүний хүслийг шадарлаж явсан Н.Алтанхуяг, З.Энхболд нар нь дэмжээгүй тул салан одсон. 

Харин Х.Баттулга дэргэдээс нь аажим холдож буй хүмүүсийг огт анзааралгүй “ялагч бүгдийг авна” хэмээн өөрийн засаглалыг тогтоох, төрийн институцийг өөрчилөн гартаа авах атгаг бодол нь дөрвөн жил үргэлжилж байна. Тэр тарчилж байна. Тэр бүх эрх мэдлийг авахаар улайрч байна. Тэр ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болохоос хэмжээгүй эрхт хаан биш. 

Хамаг бүхнийг захиран шийдэгч ноён ч биш. Сав л хийвэл Путины зургаар гангарах дуртай Оросын хүргэн Төрийн тэргүүн, жүдоч маань Монгол, Орос биш гэдгийг санах ёстой. Нэг хүнд бүх эрх мэдлийг төвлөрүүлснээр В.Путины эсрэг жагсаж буй хэдэн мянгаар хэмжигдэх Оросуудын эмгэнэлт хувь тавилан биднийг угтана гэсэн үг.

 Нэрт хуульч Б.Чимид агсан “Монгол Улсад яг одоогийн Үндсэн хуулиар олгогдсон энэ төрийн тогтолцоо хамгийн тохиромжтой. Нэг хүний эрх мэдэлд ороод гашуун замыг туулсан түүх бидэнд бий шүү” хэмээн хэлж байсан удаатай. Гэтэл манай Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны намрын чуулганы нээлт дээр “Засаглалын тогтолцоог шинэчлэх шаардлага үүсээд байна” хэмээн эрээ цээргүй өөрийгөө хаанд өргөмжлүүлэх үг хэлж явсныг Монголын ард түмэн мартаагүй байна. 

Түүн шиг “Би төрийн эрх мэдлээ гартаа төвлөрүүлж байж, шударга ёсыг яг тогтооно” гэсэн алиа марзан үгийг үе үеийн Ерөнхийлөгч нараас хэн нь ч тэгж эрээ цээргүй хэлж байгаагүй юм.

 “Хонгил”-ын эзэн хоосон дарангуйллаар айлгаж эрх мэдлээ авч үлдэж болох уу

 Орост жагсаал цуглаан болсон биш Монгол Улсад бөөн хэрүүл тарьчих юм. Ингэхдээ өөрсдийн улстөржилтийн элдэв гүтгэлгийн зүйлдээ л ашиглахыг яардаг зангаараа хандаад байна. Ирэх зун Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-ын нэр дэвшигч ялах юм бол дарангуйлал тогтоод өнөөгийн Орос шиг хөөрхийлөлтэй байдалд орох юм байх аа. 

Ийм утгатай пост энд тэндгүй бүр зохион байгуулалттайгаар хөврөөд эхэллээ. Энэ зэргийн зохион байгуулалт хийдэг, ирэх зуны сонгуулийг гол ажлаа болгож харсан хүн нэг л байгаа. Наад захын улс төрийн мэдээ үздэг хүн ч гадарлана шүү дээ. Орос эхнэртэй, орос даргыг дотночлон боддог, төмөр замаар хятадууд ороод ирнэ гэж итгээд нүүрсний экспортыг тамын тогоо хэлбэрээр нь барьж байгаа, цаазын ялыг дэмждэг хүн л байх. 

Ерөнхийлөгчийн засаглал, тогтолцооны шинэчлэл гэж ярих чинь ч Путины амьдралыг авахсан гэсэн мөрөөдөл шүү дээ. Тэгэхээр дарангуйлал яаж үүсдэг тухайд хүн болгоны мэддэг зүйлсийг дахиад нэрлэе. Аливаа дарангуйлал өөртөө нэн түрүүнд хууль, хүчний байгууллагыг төвлөрүүлэхийг эрмэлздэг. Үндсэн хуулийн өөрчлөлт хийх хүртэл өндрөө авч үргэлжлээд Шүүхийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийг өөрчлөн дарамт шахалт дунд тэмцсээр баталж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж байгаа ажлыг хийх шалтгаан хэзээнээс цугларсан юм бэ. Шүүх, прокурор, АТГ-ыг Ерөнхийлөгчийн институтэд аль нам, хэн хуваарилсан юм бэ гэдгээс эхлэх хэрэгтэй. Монгол Улс “шударга бусын хонгил”-той болсон он жилүүдийг Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байх үеэс эхэлж тоолдог. 

Янз бүрийн хуулийн өөрчлөлтөөр өөртөө 30 гаруй эрх мэдэл цуглуулсан гэдгийг хуульчид ярьдаг биш бил үү. Авлигатай тэмцэх газрын даргаар Б.Хурцыг тавьсан, Улсын ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллуулсан хоршил нь Монгол Улсад хүнийг хэрэгт унагаж болдог, үлдсэнийг нь унагахаар айлгаж болдог тогтолцоо нэвтрүүлсэн. Энэ эрх мэдлийг өвлөж авсан өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийн хүч чадлаа төгс ашигласан гэж хардах нь ч бий.

Бүр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар чуулганы хуралдааны үеэр “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт суудаг хүн хууль шүүхийн байгууллагаар дуртайгаа хийлгэдэг болсон” гэж хэлээ биз дээ.

 Шүүгч томилохдоо халагдах өргөдлийг нь огноогүйгээр бичүүлж авдаг гэдэг яриа бол “шөнө дундын яриа” шүү. Ингэж илт цагаандаа гарсан байна. Энэ хүний өнгөн дээр монголчууд “улс төрийн хоригдол”-той болсон. Ийм хүн өөрийнхөө хойшдын ажил хэргийг юу гэж харж байгаа вэ гэвэл сонин хариулт гарна. Одоо Авлигын эсрэг хуульд Ерөнхийлөгч хориг тавьчихаад байна. АТГ-ын даргыг өөрөөс нь салгасны төлөө юу. Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийг салгасан болохоор Шүүхийн тухай хуульд бас хориг тавих уу.

 Эрх мэдлийг задалж байгаа, иргэдийнхээ дуу хоолойг сонсоод илүү үймээнээс сэргийлж Засгийн газар нь огцорч байгаа МАН дарангуйлагч болно гэдэгт одоо яаж итгүүлэх гээд зүтгээд байгаа юм бол доо. Улстөржилт гэдэг уг нь улсаа хөгжүүлэх уралдаан байдаг болохоос унагах, захирах өс хонзон, хүсэл тачаалын тайз биш л дээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнээ хагалан бутаргаж тангараасаа няцжээ

 Шууд ингэж дүгнэх хэд хэдэн шалтгаан, үндэслэл, баримтыг тайлбарлая. Хамгийн сүүлд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өнгөрсөн баасан гарагт “Би нийслэлд болсон жагсаал цуглааныг зохион байгуулаагүй” гэж яаран сандран мэдэгдэл хийгээд өөрийгөө барьж өгөв. 

Тэрбээр мэдэгдэлдээ “Ерөнхийлөгч энэ асуудалтай холбоотойгоор намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Би Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг” хэмээн үйл явдлын өрнөлийг бүр баталгаажуулав. Уг нь Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга тэр эмэгтэй Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг хагалан бутаргаж, нийгмийг хүчирхийлэл эмх замбараагүй байдал руу хөтлөөгүй гэж мэдэгдэх гэж байсан хэрэг л дээ. 

Гэвч олон сэтгүүлч хараад сандарсан уу, яасан зөвхөн О.Батханд гэх бие хүнийг асуудлаас ходлуулах учир утгагүй олон зүйлс ярьсаар гэнэ алдав. Үндсэндээ О.Батхандын биеийн хэл болоод хэлж ярьснаар Ерөнхийлөгчийн институц жагсаалд ямар нэг байдлаар нөлөөлсөн гэх үндэслэл болж таарлаа. Түүний ярьсан жагсаал цуглаанд Ерөнхийлөгчийн зараалаар АН-ын дарга болох шахсан Ц.Туваан, Ерөнхийлөгчийн зөвлөх П.Нүрзэд тэргүүтэй хүмүүс биеэр оролцож, жагсагчдыг илтэд уриалан чиглүүлж байгаа харагдсан.

 Ингэж АН-ынхан, Ерөнхийлөгчийн гар хөл бологчид ардчилсан үзэл санаатай залуусын дунд хөгөө чирсэн нь бол бодит баримт. Мөн тагнуулаас авахуулаад хууль хүчний мэдээллийг баздаг Ерөнхий сайд У.Хүрэлсүх суудлаа сайн дураар өгөхдөө Ерөнхийлөгч тангаргаасаа няцсан гэдгийг баталсан. Үүнийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар ч өөрийн биеэр гэрчилнэ лээ. 

Тэгэхээр Х.Баттулга ард түмэн, Үндсэн хуулийн өргөсөн тангаргаасаа няцсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болжээ гэсэн үг. Тиймээс парламент гишүүд, бүр тодруулбал, УИХ-д суудалтай эрх баригч намынхан дунд Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн дагуу хариуцлага тооцох асуудлыг санаачлахаар ярьж эхэлсэн хэрэг. Хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмний нэгдлийг илэрхийлэгч байдаг. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 2017 оны долдугаар сарын 10-нд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглаж байна” хэмээн тангаргалснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. 

Харамсалтай нь ирэх хаврын сонгуулийг урьтан дээрх тангаргаасаа няцан, ард түмнийг хагалан бутаргах жагсаалыг зохион байгуулагчаар оролцсон учраас түүнд хариуцлага тооцох болоод байна. Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2-т Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна гэж заасан байдаг.

 “Монгол ялна” гэсэн Х.Баттулгын Монгол лав ялсангүй

 Уг нь тэрээр сонгуульд “Хүчирхэг Монголын төлөө” гэсэн сүржин агуулга бүхий мөрийн хөтөлбөртэй, “Монгол ялна” гэсэн битүү хатуу уриатай орж байв. Тухайн үед иргэд Монгол гэх ямар улс чухам юунд ялагдчихаад Х.Баттулга гэх бизнесмэн аврах гээд байгааг ойлгоогүй учраас нэг удаа сонгочихсон хэрэг болов уу. Гэтэл Ерөнхийлөгчийн өөрийнх нь үзэл санаанд Монгол Улс шударга ёс тогтоох, хууль бус хөрөнгийг ил болгох, монголчуудыг баян болгох, уул уурхайн баялагт нь эзэн болгох, төрөөсөө хулгай хийдэггүй байлгах гэх мэт олон зүйлд ялагдчихаад байжээ. 

Тэгэхээр өөрийнх нь үзэл санаанд ялагдчихаад байсан Монгол Улс ялав уу гэдгийг аваад үзье. Юуны өмнө “Оффшорт байгаа хөрөнгийг татаж Монгол Улсын бүх иргэний өрийг тэглэнэ” гэсэн ч хууль бус хөрөнгө буюу оффшорт байгаа мөнгө огтхон ч ил болсонгүй. Харин ч эсрэгээрээ өөрийнх нь оффшорт нуусан хөрөнгө ил болж Монгол ялагдлаа. 

Бүх иргэний өр тэглэх хуурамч амлалт нь өөрийнх нь оффшорт л байж. Уул уурхайн баялагтаа эзэн болох тухай дурдсан ч түүний хамаарал бүхий Төгрөг нуурын нүүрсний ордыг болон хэд хэдэн ордыг Хятад эзэнтэй “Минг Хинг Уотеруоркс Холдингс Лимитед” компанид 250 сая ам.доллараар зарснаар Монгол ялагдлаа. Энэ бүгдийг “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Мөн тэр шударга ёс тогтоох тухай лоозогносон ч улс төрийн зорилгоор шүүх хүчний байгууллагын оролцоотой бусдыг айлган сүрдүүлж, улам бүр эрх чөлөөг нь хумиж байгаа талаар Хууль зүйн сайд нь чуулганы индэр дээрээс дэлгэрэнгүй дурдсан учраас нуршихгүй.

 Түүний үзэл санаанд “Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт халдашгүй дархан байдал, ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж хөгжин бадарсан хүчирхэг Монгол Улсыг цогцлоох Эх оронч Ерөнхийлөгч байна” хэмээн дэвшүүлсэн байдаг. Гэтэл нүцгэн шахам бүсгүйг Халдвартын эмнэлэг рүү түрэмгийлэн авч явсан дүр зургийг тэвчээгүй монголчууд төв талбайдаа жагсаж, үзэл бодлоо илэрхийлэв. Үүний дагуу Монгол Улсын төр ч хариуцлага хүлээн огцорлоо. Үүгээрээ ардчиллын түүхэнд анх удаа шударга ёсны салхи сэвэлзүүлж чадсан гэдгийг тал талаас дурдаж байна. 

Харин сэтгэл зүрхээрээ нэгдсэн иргэдийн жагсаалд илтэд улс төрийн өнгө орж, нэлээд үймэх хандлагатай болсны цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байв. Магадгүй цуст мөргөлдөөн рүү явж болох байсныг ч Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх олон нийтэд ил тод мэдэгдсэн учраас нуршихгүй. Мөнхүү Түүний “Монгол ялна” үзэл санааны тунхагт “Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна”.байна гэжээ. 

Гэтэл Ерөнхийлөгч маань өөрөө өмч хувьчлалаар улсын чамгүй үнэ цэнтэйд тооцогдох үйлдвэр объектуудыг хувьчлан авсан. Түүнд энэхүү үйлдвэр объектуудаас гадна эзэмшил бүхий олон зүйл байдаг бөгөөд хэрэгжүүлж эхэлсэн, эхлэх гэж байгаа олон төсөл хөтөлбөр байгааг надаар хэлүүлэх юун. Тухайлбал, “Майдар хот”, “13 дугаар зуун”, “Цонжин болдог” цогцолбор гээд юу эс байх билээ. Энэ үйлдвэр, объект, төсөл рүүгээ төрөөс хөрөнгө татахыг байнга эрмэлзэж явдгийг ч мэднэ. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс мөнгө гулгуулсан гээд олон зүйлийг “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй.

 Хамгийн сүүлчийн жишээ гэхэд өнгөрөгч зун ковидоор далимдуулан Төрийн баяр наадмыг өөрийн эзэмшилд байх “13 дугаар зуун”-д зохион байгуулсан. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгөөр “13 дугаар зуун”-руу өндөр хүчдэл татах зэргээр улсын хөрөнгийг цаг ямагт хумсалж байдгийг ч баримтаар дэлгэсэн учраас нуршихгүй. Ийнхүү “Монгол ялна” хэмээн уриалсан Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэл санаанд ялагдчихаад байсан Монгол Улс бүр ч ялагдлаа.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.78.226
    2021/01/26

    Хэмжээгүй эрхэт хаант засгаас хэмжээт хаант засаг

    Хариулах
  • 64.119.21.202
    2021/01/25

    Ard olnoo hagalan butargasan 4 jil bailaa Ardchilaliig doosh hiisen jiluuud ungurch bailaa

    Хариулах