С.Ганбаатар: Монгол уг нэхэмжлэлээ хэвээр нь үргэлжлүүлэх ёстой, ард түмэн тан нарт итгэж байгаа

С.Гандэлгэр
2021/01/28

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрөгч даваа гарагаас эхлэн төв талбай дээр өлсгөлөн зарласан билээ. Тэгвэл Нэгдүгээр сарын 28-ны оройн 22:00 цагийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг хүлээн авч уулзлаа. 

Тус уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тавьсан шаардлагыг хүлээн авч хамтран ажиллах тухай дурдлаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: "Бид нийтлэг нэгдмэл байр суурь, ашиг сонирхолтойгоор шийдэлд хүрч Монгол Улсын Засгийн газартай гэрээтэй гадаадын хуулийн фирмээр дамжуулж хандах нь зүйтэй. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын тавьсан гурван үндсэн шаардлагын хувьд:

- "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх тал дээр Засгийн газраас олгогдсон эрх хэмжээний хүрээнд шаардлагыг хүлээж авахад бэлэн байгаа. Үүнтэй холбоотой Шинэ Засгийн газар байгуулагдаж байгаа учир шинэ ажлын хэсэг байгуулагдана. Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу цөөнхийг төлөөлүүлэн С.Ганбаатарыг болон Н.Алтанхуяг гишүүнийг "Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ажлын хэсэгт албан ёсоор орж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.

- Гаднын шүүхүүдэд царцсан хөрөнгийг Монголын Засгийн газраас нэхэмжлэл гаргаж Монгол Улсад оруулж ирэх ёстой гэсэн. Энэ хүрээнд хоёр талаас хамтарсан хуульчийн баг ажиллуулж нэхэмжлэлээ эцэслэн Ерөнхий сайдад танилцуулж хуулийн фирмээр дамжуулан хүргүүлэх болно.

- Хууль хяналтын байгууллагуудын шалгаж байгаа авлига албан тушаалтны хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэсэн шаардлага тавьсан. УЕП болон АТГ-ын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж шаардлагатай гэж үзсэн тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдааны дэгт заасны дагуу УЕП-оос эрүүгийн болон зөрчлийн хуулийн хэрэгжилтийн талаар жилд нэг удаа УИХ-д тайлагнах, мэдээлэл өгөх боломжтой гэсэн байр суурьтай байна.

Өмнөх Засгийн газрын ажлын хэсэг 1-р сарын 18-ны өдөр хуралдсан бөгөөд нөгөө талд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж буй талаар мэдээлэл өгсөн. 350 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан бол 19-20 оны татварын актыг нэмэгдүүлж нийлбэр дүнгээр нэг их наяд төгрөгийн татварын акт тавьсан.

2009 оноос хойших бүх Засгийн газар, Парламентын үед шийдэгддэггүй энэ асуудлыг энэ Засгийн газар, Парламентын үед улс орны эдийн засгийг баллахгүй, нийтлэг эрх ашигт нийцсэн байдлаар асуудлыг эцэслэх ёстой." гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Миний хувьд маш олон удаа "Оюутолгой"той холбоотой асуулга тавьж байсан. Засгийн газраас асуулга авах хүсэлт явуулсан. 30 хоног хариу ирүүлээгүй. Өмнөх Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш хойрго хандсан. УИХ-ын чуулганаар хэлэлцье гэсэн ч болиулсан. Надад өлсгөлөн зарлахаас өөр арга байгаагүй. 

Х.Нямбаатар маш чухал зүйл хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн Парламент, Засгийн газар "Оюутолгой"-н асуудал дээр маш сайн ажиллаж үр дүн гаргасан. Нью Иорк, Лондонгийн шүүх дээр нааштайгаар эргэнэ гэдэг өмнөх Парламентын хөдөлмөр. Харин гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, хугацааг нь тулгаад байгаа учраас мафын бүлэглэл МАН-ыг хага базчихсан байна гэж ойлгож байгаа. Тийм учраас өмнөх нэхэмжлэлээ хэвээр нь үргэлжлүүлэх ёстой. Та нарт Монголын ард түмэн итгэж байгаа." гэсэн байр суурь илэрхийллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.48
    2021/01/29

    Энэ нэхэмжлэлийг ямар нэг шалтаг гаргаад явуулахгүй байх Асар их авилга авч эх орноо зарсан олон хүн ил болох учир мафи саад хийх байх

    Хариулах