Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиуд теле болон цахимаар хичээллэнэ

С.Гандэлгэр
2021/01/31

Улсын онцгой комисс хуралдаан болж, коронавируст цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцлээ. Хичээл эхлэхтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам цар тахал болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилт хүндэрсэн аймаг, сум болон отроор яваа малчин өрхийн мэдээлэл зэргийг нэгтгэн судалгаа хийсэн байна. Судалгаанаас үзэхэд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг улсын хэмжээнд 2,4 хувьтай. Он гарсаар цэцэрлэг, сургуулийн насны 9,400 орчим хүүхэд эмнэлэгт ханджээ. 2-4 дүгээр сард найман аймагт олон жилийн дунджаас ахиу цас орох хэдий ч нийт нутгаар хүйтний эрч өмнөх жилүүдийн түвшинд байна. Отроор болон өвөлжилт хүндэрсэн нутагт өвөлжиж байгаа 26 мянга гаруй өрхөд цэцэрлэг, сургуулийн насны 20 орчим мянган хүүхэд байна. Энэ бүхнийг харгалзан хичээлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын хугацаанд теле болон цахимаар явуулахыг Улсын онцгой комисс дэмжив. Салбарын яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүллээ. Бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Коронавируст цар тахалтай тэмцэх хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого хамт хэрэгжих ёстой. Иймээс энэ чиглэлээр цогц төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанаар батлуулахаа Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хэлэв. Мөн хилийн чинадад байгаа иргэдээ аль болох богино хугацаанд татан авах, гадаадын агаарын тээврийн компаниудыг ашиглах талаар Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргуулахаар төлөвлөсөн байна. Улсын онцгой комиссын энэ удаагийн хурлаар Цагаан сарын баярын үеэр хөл хорио тогтоох эсэх талаар хэлэлцээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна