10 их наяд төгрөг биднийг яг аврах уу?


Ард түмний дунд шатар тоглуулдаг Засгийн газар маань энэ удаад 10 их наяд гэгч маш том тоо зарласнаар дахин нэг шатрын өрөг тавив. Энэ хөтөлбөрийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх дээр ард түмэн ухаан бодлоо уралдуулцгааж байна. Төлөвлөгөөгүй, судалгаагүй, дутуу дулимаг зүйлсийг яаран зарласны гор нь ханш өснө гэх хүлээлт нийгэмд бий болов.

 ЮУТАЙ Ч 10 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХӨТӨЛБӨР БАЙГАА ОНОЖ БАЙНА УУ?
 
Энэ хөтөлбөрт авууштай зүйл их байгаа ч логикгүй, оновчгүй, тодорхой бус зүйлс их байна. Яг багадсан гутал захиалж авчихаад бантсандаа хөлөндөө тааруулах гэж оролдож буй мэт харагдана. 
 
2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН РЕПО САНХҮҮЖИЛТ, 2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЖДҮ-Н ЗЭЭЛ

 
3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй хөтөлбөр нь 2023 онд дуусах ажээ. Ажлын байр хадгалах зорилготой гэж нэрийдэх мөртөө хамгийн их ажлын байр шингээдэг үйлчилгээ, худалдааны салбарынхан энэ зээлийг хангах боломж хомс харагдана. Яагаад?
Уул уурхайн бус экспортыг дэмжсэн гэдэг нь импортыг хөхүүлэн дэмжихгүй байх л гэсэн үг. Тэгэхээр бид гадагшаа үйлчилгээ экспортолдоггүй шүү дээ. Худалдааны салбар бол угаас л импорт дэмжинэ(Репо санхүүжилт дээр тавих нөхцөл). 
Татварын өргүй байх ёстой гэнэ. Энэхүү нөхцөл нь цар тахлын үед чадал чинь хүрвэл татварын өргүй гараад ир гэж хэлж байгаа мэт санагдана. Учир нь ажлын байр ихээр шингээдэг худалдаа, үйлчилгээний салбарт нийт ЖДҮ-н 90 орчим хувь нь үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл цар тахлын үед үйл ажиллагаагаа хамгийн их чөдөрлүүлсэн нь эдгээр салбарууд. Тэгэхээр эрүүл ухаанаар бодоход энэ хөтөлбөрийг хангах ААН олдох нь уу. Үгүй л болов уу гэж эмээнэ.

Төслийн үр ашигаар нь сонгож чадах уу? ЖДҮ-р цоллуулсан их хурлын гишүүд бидэнд бий. Цаашлаад далай, даян, дархан цол авсан нь ч бий. Ямар ч ЖДҮ-н сан байгуулагдсан тэндээс нь идэж, уудаг нөхдүүд одоо яг шинэшлээд гүйлдэцгээж буй. Тэгэхээр энэ мөнгийг тэднээс хамгаална нь том асуудал. Төслийн үр ашигаа авч үнэлж, сонгох нь хамгийн амаргүй даваа даа. 
 
БАРИЛГЫН САЛБАРТ 3 ИХ НАЯД ТӨГРӨГ

 
Та нар санадаг уу? бид тэртээ 6 жилийн өмнө нээх өндөр үнэтэй орон сууцыг бага хүүгээр худалдаж авдаг үе. Дүндээ дүн болж байсан даа. Яг 2013 он шиг эрэлт талдаа огцом өсөлт бий болохгүй ч гэлээ манай барилгынхан байрны үнээ одооноос буулгахгүй. Харин ч нэг хөнгөлөлттэй зээлийг хүлээгээд хэвтчих нь тэр. Төр нь яг байрны өртөг дээр нь хяналт тавих нь хэцүү л болов уу.
Дээр нь барилгын салбар импортоор жинхэнэ угжигддаг салбар. Гадагшаа валютыг ч нэг урсгаж гарна даа. Сайхан цагт барилгын импортоор бид жилд дунджаар 600 орчим сая ам.доллар гадагш гаргадаг байв. Энэ хөтөлбөрийг 3 жилд гэж тооцвол жилд 1 их наяд төгрөг буюу 300 орчим сая ам.доллар зоолтгүй нэмэгдэх нь байна.
 
БУСАД ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР

 
Үнэнийг хэлэхэд үлдсэн нь их бүрхэг сонсогдож байв. Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөр гэвэл манайд нефтийн үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам л байна даа. Эдгээр том төслүүддээ мэдээж хөрөнгө оруулалт хийгээд явах нь зөв биз ээ. 
 
ГАНЦ ТОДОРХОЙ БУС ЗҮЙЛ...

 
Бид цахим үндэстэн болно, өглөө эрт босдог ард түмэн болно. Тиймээ, бид цаг сайхан болоход энэ бүхэн ерөөлөөр болог ээ. Гэтэл одоо өглөө эрт босоод ч ажил алга, цахим болмоор байвч хэрэглэх техник, технологи нь алга. Тэгэхээр бидэнд богино хугацааны төлөвлөгөө хэрэгтэй байна.
10 их наяд төгрөгийн хэд нь энэ жил хэрэгжих вэ? Хэрхэн, яаж?
Вакцинжуулалт хэр хурдан хийгдэх вэ?
Эрэлтээ дэмжихгүйгээр нийлүүлэлт дэмжээд хэн худалдаж авах вэ? Дэлхийн улс орнууд эрэлтээ дэмжиж, хэрэглээгээ нэмэгдүүлснээр, ААН-нхээ борлуулалтыг хадгалж үлдэж байна.
2020 онд өрхийн орлогын өсөлтийн гол хувийг тэтгэмж, халамжийн орлого бүрдүүлсэн. Үнэндээ байнга биш боловч яг ийм үед бол яалтачгүй хэрэгтэй арга хэмжээ байсан. Өнөөх халамж тараалаа гээд шүүмжилдэг Дэлхийн банк ч үр дүнтэйг нь хэлж байна. Гэтэл энэ хөтөлбөр 2021 оны ДОЛДУГААР сард дуусна. 
 
Эдийн засагч, шинжээч Г.Батзориг



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.224
    2021/02/19

    Энэ бол мянгуужингийн үлгэр.

    Хариулах
  • 64.119.26.184
    2021/02/18

    harj l baiya buteh boltugai

    Хариулах
  • 139.5.216.177
    2021/02/18

    Халдвар тархаахгүй байхад маш их ач холбогдолтой.

    Хариулах