Р.Эмүжин: Амьдралыг өөр, өөрийнхөөрөө хайрлана...

2020 оны 03 сарын 26

Амны хаалт амьдрал хүүрнэнэ гэж хэзээ ч бодож байсангүй.

Зуслангаас буцаж явтал яг голын хэсэг нь харлаад толботчихсон амны хаалттай настай ах замын хажууд шуудайтай ундааны сав үүрчихсэн зогсож байна. Ундааны сав түүдэг амьдрал нь хайран учраас л амны хаалтнаас салахыг хүссэнгүй. Хүний хэдэн цаг хэрэглээд хаясныг ч хэд үлээгээд зүүчихдэг гэж ярингаа миний өгсөн хоёрхоныг хосгүй эрдэнэ шиг л аваад үлдсэн. Хэдэн үг сольчихоод хэдийдээ ч хаширладаг юм, гараа гал маналзтал зүлгэсээр би ч замаа хөөв.

Гандтал нь угаасан амны хаалтаа ганган гэгч залуухан хөвгүүн үнэнчээр зүүчихсэн, дургүй байгаа бололтой духаа хачин их үрчийлгээд л алхаж харагдана.

Гар, гараасаа хөтлөлцсөн хос залуус ижилхэн амны хаалтаар ихэр юм шиг л гоёжээ. Хуучин ном зардаг эгч эмжээр нь ноорч элэгдэх янз орсон амны хаалтаа нүүрнээсээ ер салгахгүй зөндөө ихийг яриад амжихыг яана. Яг л нүүрнийх нь арьс юм шиг сэтгэгдэл тэрүүхэн хооронд төрнө. Ялалтын талбайд дугуй унаж яваа хүү саарал өнгийн амны хаалтнаасаа салах дургүй. Амаа том гэгч ангайсан нь харахад андашгүй, агаар залгаж байгаа нь энэ юмсанж. Япон барааны дэлгүүрээс гарсан эгч нэг удаагийн амны хаалтаа авч үүдний хогийн саванд хийгээд, цүнхнээсээ дахин нэгийг гарган зүүчихээд, ганган машин руугаа алхах юм.

Эхнэр нөхөр хоёр амны хаалтнаас болж маргаад амжих аж.

Амавчийг эрүүвч болгочихоод яваа нөхрөө "Наадхаа зүү л дээ, хүүхдүүдэд ханиад авч харих нь уу, би зөндөө ажил болж угаасан" гээд л эзэгтэй үглэж байна. Нөхөр дээш нь татсан болоод л нүүгэлтэж одов. Кофе шопын үүдэнд 20 орчим насны охин, хүү хоёр амны хаалтаа өрөөсөн чихэндээ санжигануулчихсан, салахгүй үнсэлцээд бөөн бөөн жаргал. Хайр юм чинь ханиад хүрсэн ч хамтдаа, өөр яалтай...Юу гээч? Монголчууд чадарсан, ядарсан ялгаагүй...чадлаараа, боломжоороо төр засгийнхаа шийдвэр зөвлөгөөг дагаж, амны хаалттай амьдраад сурчихжээ. Амны хаалт болгон амьдрал хүүрнээд л...ээж, эхнэр, эгч дүүс нь угаагаад, оёод л зүүлгэсэн байж таарна. Гэртээ үлдсэн эмээ өвгөндөө амны хаалтаа өгч дэлгүүр рүү үдээд л...нэг удаагийн амавчийг арай л салмайтал элээсэн нь ч байх. Угаасаар байгаад угийн өнгөө алдсан нь ч таарав. Утааны зузаан амавчаараа амиа хамгаалсан нь ч бий. Өлөн хиртэй амны хаалттай хүн ч өчнөөн таарна. Зарим хүнийх хөөрхөн бөөсрөөд, хөгийн ноосгор юм болжээ...гэхдээ л зүүж байна. Хүмүүс амьдралд хайртай байхыг харах, мэдрэх сайхан. Амьдралыг өөр өөрийнхөө боломжоор хамгаалж байгаа нь ч сайхан.

Амны хаалт олон янз хэдий ч амьдралыг хайрлаж байгаа монголчуудын зүрх нэг юм даа.

Р.Эмүжин

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 26
211.36.140.39
Haha

Eruul uu eliireed yu hutsaad bga nowsh we haha bochseer baigaad odoo solio ovhin tusaa yuda

2020 оны 03 сарын 26
202.126.88.219
1111

Engiin saihan shuu, amidral. Bayarlalaa, Emujin. Amidraliin une tsene engiin iim zuild orshdogiig bichdeg cham shig setguulchid olon boloosoi.

2020 оны 03 сарын 26
103.229.121.198
Зочин

Tiim shvv.