Нян хамар, залгиурт байрладаг тул хоолойгоо тогтмол зайлах хэрэгтэй

2020 оны 03 сарын 30

БНХАУ-ын Ухань хотод ажилласан эмч нар коронавирусын үед ард иргэддээ хоолой зайлах зөвлөгөөг өгсөн нь хамгийн үр дүнтэй байсан гэж судлаачид үзэж  байгааг ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгжийн дарга, их эмч Н.Сувдмаа мэдээлсэн. Тэгвэл бид энэ удаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд  хоолойгоо зайлах зөвлөгөө болон түүний ач тусын талаар хүргэх гэж байна. Энэхүү зөвлөмж нь хамгийн хялбар, мөнгө шаардахгүй  гэдэг утгаараа олон хүн хийж хэрэгжүүлэх боломжтой.

Коронавирус тодорхой хугацаагаар залгиур, хөөмийнд байршдаг гэдгийг  судлаачид нэгэнт нотлоод мэдээлсэн учраас хоолойгоо  зайлах нь коронавирус төдийгүй  томуу, томуу төст өвчин зэрэг аливаа халдаврт өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг дахин онцлон хэлье. Гэрийн нөхцөлд иргэд хүнсний болон жамц давс, цайны хужир, сармис, содын уусмал бэлдэж хоолойгоо зайлах боломжтой. Хэрэв коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дэлгэрэнгүй зөвлөмж, мэдээллийг бичлэгээр үзэхийг хүсвэл НЭМҮТ-ийн цахим хуудас болон пейж хуудаснаас хүлээн авч үзэх боломжтой юм.

Агаар дуслын замаар дамжих халдварт өвчнөөс зөвхөн амны хаалт зүүснээр бүрэн төгс хамгаална гэж ойлгож болохгүй. Нэг удаагийн амны хаалт нь шингэн гадагшлуулдаггүй, нэвтрүүлдэггүй гурван давхаргатай тул халдвар тараахгүй, гаднаас ирэх нянг нэвтрүүлэхгүй байх ач холбогдолтой. Харин N95 амны хаалт материалын хувьд нягтшил өндөр тул илүү сайн хамгаалалт болж өгдөг. Ам, хамар зэрэг амьсгалын эрхтэнд халдварын нян орох эрсдэлээс 95 хувь хамгаалдаг байна. Харин хоолойгоо зайлах нь хуримтлагдсан вирусыг залгиураас зайлуулах бүрэн боломжтой юм.

Хоолой зайлахдаа юуны түрүүнд та бүхэн амаа зайлж асгах нь үр дүнтэй. Хоолой зайлахын өмнө амаа зайлснаар амны хөндийд буй вирусийг гадагшлуулна. Түүнчлэн нэг уусмалаар байнга зайлах нь буруу бөгөөд  нэг уусмалыг 5-7 өдөр хэрэглэж, дараа нь сольж байх ёстойгоос гадна гэр бүлийн гишүүд хоолой зайлах сав тус тусдаа бэлдэх хэрэгтэй. Өдөрт хэдэн удаа зайлах гэхээс илүү гадагшаа гараад гэртээ орох болгондоо хоолойгоо зайлах нь илүү үр дүнтэй болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Хамгийн сүүлд, хоолойгоо уусмалаар зайлснаас хойш 5-10 минутын дараа юм идэх, уух нь зөв юм. Мөн халдварын үед болон халдвараас сэргийлэхийн тулд иргэд хүйтэн зүйлээс аль болох зайлсхийж, халуун шингэнийг  ойр ойрхон уухыг зөвлөж байна.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх хоолой зайлах зөвлөмжид тусгаснаар хоолойг сармис, нимбэг, сода, давсны уусмалаар нэг удаа зайлахдаа 5-7 удаа давтаж, 7 хоног завсарлаад үргэлжлүүлэн зайлах юм. Сармисны уусмал бэлтгэхдээ 500 мл халуун усанд 4-5 хумс нунтагласан сармис хийнэ. Харин нимбэгний уусмалыг 250 мл халуун усанд нэг зүсэм нимбэг хийж бэлтгэнэ. Үүүнээс гадна содын  уусмалыг 100 мл бүлээн усанд 2 гр сода хийн бэлтгэх боломжтой бөгөөд 95 мл усанд 5 гр хоолны халбагаар жамц давс хийн давсны уусмалыг бэлтгэж хоолойгоо зайлах нь ч үр дүнтэйг мэргэжилтнүүд танд зөвлөж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.