Сонгодог галерей: Татвар хураагч

С.Гандэлгэр
2021/02/26

Энэ наана суугаа хар малгайтай тарган нөхөр бол татвар хураагч түшмэл. Одоогоос 500 жилийн өмнөх Нидерланди улсын албан өрөөндөө хүмүүс хүлээж авч байгааг нь бид харж байна. Намбалаг ёсорхуу эрхмийн үгийг харилцагчид нь тун анхааралтай сонсоно. Халзан толгойтой туранхай өвгөн хөөрхий, татвар тушаахаар хэдэн зоосоо ширээн дээр асгаж мөнгөний уутаа гөвлөө. Цаадах хоёр залуу нь ээлжээ хүлээн түшмэл рүү өлийн ширтжээ. Татвар авагчийн улаан малгайтай туслах нямбай гэгч нь тэмдэглэл хөтөлнө. Данс тооцооны бүртгэлтэй бичиг цаас ширээн дээгүүр дүүрэн өрөөстэй.

Түрүүчийн хүмүүсийн хураалгасан ууттай мөнгө ч арынх нь тавиур дээгүүр зөндөө байна. Зоос бүрийг уутанд хийж дээр нь цаасан хаяг наажээ. Түшмэл гуай иргэдээс тоолдог хэдийг нь хаман авна. Өнөө цагийн манай татвар хураагч нар аль тэртээх дундад зууны энэ мэргэжил нэгтнээсээ хэр өөр бол. Нидерландын сэргэн мандалтын их зураач Маринус ван Реймерсвале 1542 онд дүрсэлсэн нь энэ. Зураач 1490-1567 онд амьдарч бүтээсэн юм. Татвар хураагч малигар ноёнтоны амнаас чухам ямар үг унах бол хэмээн наад гурван иргэн залбирах шахам хүлээсээр.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна