Марафонч Б.Сэр-Од «Токио-2020» олимпод оролцох эрхээ авлаа


Өчигдөр буюу 2021 оны хоёрдугаар сарын 28-нд Японы Оцү хотноо явагдсан Lake Biwa Mainichi Marathon -д Монгол Улсын гавьяат тамирчин, марафонч Бат-Очирын Сэр-Од, 2 цаг 09 минут 26 секундын амжилт үзүүлж, “Токио-2020” олимпийн наадамд оролцох болзлыг хангалаа.

1946 оноос эхлэн зохиогдсон, Японы хамгийн эртний марафонд тооцогддог, зөвхөн эрэгтэй гүйгчид оролцдог онцлогтой, Дэлхийн хөнгөнатлетикийн холбооны “ Gold label” ангилалд багтдаг “ Lake Biwa marathon” -д энэ жил цар тахлаас шалтгаалан зөвхөн Японы болон Японд бэлтгэл хийж буй гадны нийтдээ 450 гаруй марафонч оролцжээ.

World Athletics буюу Дэлхийн хөнгөнатлетикийн холбоо нь Олимпийн наадамд оролцох болзол (entry mark) зай, төрөл тус бүр дээр тогтоодог бөгөөд марафон гүйлтэд эрэгтэйчүүд 2 цаг 11 минут 30 секундээс дотогш гүйж байж энэ болзлыг биелүүлдэг билээ. 

Энэ жил 39 настай Б.Сэр-Од маань анх 2004 оны Афины олимпод оролцсон бөгөөд түүнээс хойш 2008,2012,2016 оны олимпод дараалан оролцоод байгаа юм. Мөн тэрбээр Хөнгөнатлетикийн ДАШТ-д ( хоёр жилд нэг удаа болдог) нийтдээ 9 удаа оролцсон ховор амжилтын эзэн бөгөөд Ази тивийн марафон гүйлтийн АШТ-ий аварга, мөнгөн медаль, Зүүн Азийн наадмын мөнгөн медаль, БНХАУ, Япон, Их Британид болсон марафонд түрүүлж, Лондон, Берлин гээд дэлхийд зартай “ Их хурд”-д эхний 10 -т шалгарч байв. Түүнийг гэргий О.Оюунтуяа нь дасгалжуулдаг. 

Дашрамд дурьдахад “Токио -2020” олимпийн наадмын болзлыг манай хөнгөнатлетикчдаас марафон гүйлтээр өмнө нь Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар биелүүлсэн билээ.

Эх сурвалж: МҮОХ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна