БНХАУ "COVID-19”-ийг тараахын тулд олон мянган иргэнээ бусад улс руу илгээсэн гэж Дональд Трампын зөвлөх мэдэгдэв

2020 оны 05 сарын 18

ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 9.7 мянгаар нэмэгдэж, 281 мянга давлаа. Хагас сар орчим тасралтгүй 10 орчим мянгаар нэмэгдсэний дараа халдвар хамгийн их тархсан орнуудын жагсаалтад АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Харин Азиас Энэтхэгт 5000, Сингапурт 600, Индонезид 400-аар нэмэгджээ.

АНУ-д халдварын тохиолдол 24 цагт 1.5 хувиар нэмэгдэж, шинэ төрлийн “коронавиурс”-ийн тархалт удааширсан байна. Эндсэн хүний тоо долоон долоо хоногийн доод түвшинд хүрчээ. Нью-Йорк мужийн хоёр хот эдийн засгаа нээхээр зэхэж байна. Харин Францад эндсэн хүний тоо сүүлийн гурван долоо хоногт байгаагүйгээр өсжээ.

Дональд Трампын засаг захиргаа “COVID-19” цар тахлын асуудалд БНХАУ-ыг буруутгасан хэвээр байна. Тус улсын худалдааны зөвлөх “ABC” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр "БНХАУ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын халхавч дор шинэ төрлийн “коронавирус”-ийг хоёр сарын хугацаанд дэлхий нийтээс нуусан. Мөн энэ вирусийг тараахын тулд олон мянган иргэдээ Итали, АНУ болон бусад орнууд руу илгээсэн" гэж мэдээлжээ.

“AstraZeneca” компани ирэх есдүгээр сар гэхэд Их Британид 30 сая тун вакцин нийлүүлнэ гэж мэдэгдлээ. Вакциныг Оксфордын их сургуулийн судлаачид хөгжүүлж байгаа аж. Энэхүү төсөлд 79 сая ам.долларын санхүүжилт олгох юм байна. Амжилттай болбол хамгийн түрүүнд Их Британид нийлүүлэхээр болжээ. Энэхүү вакцины хүн дээрх туршилт одоо хийгдэж байгаа ажээ. Оны дунд үе гэхэд туршилтын эхний шатандаа орох магадлалтай байгаа юм байна.

Дэлхийн хэмжээнд шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан 4.8 сая (4,801,532), эндсэн 316 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Харин 1.8 сая хүн эдгэрчээ.

Н.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: Bloombergtv.mn

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.