Өнөөдрөөс ноолуур боловсруулах ААН-үүдэд зээл олгож эхэлнэ

2021/04/15

"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогт төлөвлөгөө"-нд хаврын ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудал багтсан. Зээлийг өнөөдрөөс олгож эхэлжээ. 2021 онд Монгол Улс 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарсан байна.

Монгол Улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог. Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Монголын хувьд дэлхийн түүхий ноолуурын 45 хувийг хангадаг боловч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой экспортолж буй ноолууран бүтээгдэхүүний дүнгээр дэлхийн зах зээлд 10 орчим хувийг эзэлж байна. Монгол ноолуурын  онцлог шинж чанарыг дэлхийн зах зээлд таниулан сурталчлах, үнэ цэнэ, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь зөвхөн үйлдвэрлэгч төдийгүй  малчдын орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар ноолуурын экспортын хэмжээ 243,5 сая ам.доллар байна. Ноолуурын нийт экспортын 76 хувийг угаасан, 7 хувийг боловсруулсан ноолуур, 17 хувийг эцсийн бүтээгдэхүүн эзэлжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.253
    2021/04/15

    ноос боловсрүүлах нэгжүүдэд өнөөдрөөс мөнгө өгнө гэж логиктой бич

    Хариулах