С.Одонтуяа: Өнөөг хүртэл хэрэгжүүлж буй менежмент АЛДААТАЙ тул УОК-ын бүтэц, бүрэлдэхүүнд ӨӨРЧЛӨЛТ оруулна уу


Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр:

''Дэлхий нийтээр аюул тарьж эхэлсэн корона вирусын цар тахалтай Монгол улс нүүр тулаад 2 жилийг өнгөрөөж байна. Энэ хугацаанд шинжлэх ухаанд тулгуурласан төрийн зөв бодлого явуулсан улс орнууд цар тахлыг аюулыг хязгаарлаж, энгийн амьдралын хэв маягт шилжих болсон энэ цаг үед Монгол улс хүний амь нас үрэгдсэн хүнд үед орж буй нь харамсалтай юм. Дотооддоо өвчин алдаагүй 1 жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангалттай хийх цаг хугацаа, хөрөнгө мөнгөтэй байсныг бид бүгд мэднэ. Гэтэл уушги орлуулах аппарат саяхныг хүртэл 1 ширхэгтэй, вакцины захиалга, гэрээжилт нь тодорхойгүй, эмнэлгүүдийн бэлэн байдал хүчин чадлыг хангалттай нэмэлгүй яг цар тахалтай нүүр тулах үед өдөр бүр иргэдээ энэ өвчинд алдаж эхэлж буй нь ойлгоход бэрх юм. Нэг иргэний амь ч цөөхөн Монголчуудын хувьд юу юунаас илүү үнэтэй.


Харин цар тахалтай тэмцэх үед анхнаасаа эрүүл мэндийн салбарын өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, ар гэрээсээ урт хугацаанд тусгаарлагдан, өөрсдийгөө эрсдэлд оруулан ажиллаж буй эмч, сувилагч, асрагч, бусад эрүүл мэнд, онцгой, цагдаа гээд дайчлагдан ажиллаж буй салбарын ажилтнуудад дахин талархаж буйгаа илэрхийлье. Та бүхэн маань өөрсдийгөө төдийгүй ар гэрийнхнээ ч эрсдэл оруулан зарим нь өвдөж, зарим нь ядарч зүтгэж буйг бид мэдэж ойлгож байгаа гэдэгт итгээрэй.
Харин өнөөдөр цөөнхийн төлөөллийн хувьд иргэдээс ирж буй олон санал, гомдол, асуултыг Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаас асууя.

АСУУЛТ:
1. Вакцинжуулалт эхэлснээс хойш хэдэн иргэнд анхны болоод хоёр дахь тунг хийсэн бэ? Нэг дэх тунг хийлгэсэн иргэдэд үлдээсэн хоёр дахь тунгийн тоог хэлнэ үү?
2. Хятад улсад үйлдвэрлэсэн вакцины хоёр дахь тунг 21 хоногт хийлгэсэн тухай мэдээллүүд түгээмэл байна. Гэтэл иргэдэд 56 хоногийн дотор хийлгэх тухай зөвлөмж өгч буй нь хэр шинжлэх ухааны үндэстэй бэ? Энэ талаар ард иргэдийн эргэлзээ тайлахуйц хангалттай мэдээлэл өгнө үү?
3. Вакциныг сонголттой хийх боломжийг ч та бүхэн үгүйсгэсээр ирсэн. Жишээ нь файзер вакциныг хорт хавдартай, эрхтэн солиулсан хүмүүст хийнэ гэж байсан ч дарга нар дээгүүрээ хийлгээд дууссан гэсэн эсвэл яг хэрэгцээт хүн асуухад байхгүй гэсэн хариу сонсож байна гэсэн гомдол ирсэн. Хорт хавдартай, эрхтэн солиулсан иргэдийн хэдэн хувь нь энэ вакциныг хийлгээд байна бэ? Хоёр дахь тун нь байгаа юу?
4. Зарим байгууллага вакцинжуулалт хүчээр хамруулах, вакцин хийлгээгүй бол ажлаас халах, жирэмсэн болон жирэмслэх төлөвлөгөөтэй хүмүүст дарамт учруулах гомдлууд ирж байна. Эдгээр иргэдэд тохирсон вакцин хийлгэх боломжийг яагаад эрэлхийлээгүй байна бэ?
5. Хэд хоногийн өмнө вакцинжуулалтаар тэргүүлж буй тоонууд ярьж байсан бол өнөөдөр өвчлөл болоод үхлээрээ тэргүүлэх болж байна. Төрийн гарыг харалгүй хувийн хэвшил вакцин оруулж ирэх, ажилтнуудаа вакцинжуулах боломжийг нээж өгсөнгүй. Цаашдаа ч вакцинжуулалт байнгын шинжтэй болж мэдэх тул зөвхөн төр гэлтгүй хувийн хэвшлээ энэ ажилд оролцох боломжийг нээж өгөх нь эрүүл мэндэд ч эдийн засагт ч нэмэртэй шийдвэр болно. Үүнийг яагаад хэрэгжүүлэхгүй байна бэ?
6. Нойр хоолгүй зүтгэж буй эмч эмнэлгийн ажилтнууд, онцгой, цагдаа цэргийн ажилтнууд өвчилж, амь насаа алдах харамсалтай тохиолдол ч гарлаа. Хамгийн түрүүнд вакцинд орох ёстой эдгээр хүмүүст маань вакцин хийсэн үү? Хоёр дугаар тунг хийлгэж амжсан уу?
7. 4 сарын 9-нд Хятадаас вакцин ирнэ гэсэн нь яагаад саатав? Биднээс шалтгаалсан бол буруутай этгээдэд хариуцлага тооцох тухай ярих ёстой.
8. Хорих ангиудад корона вирус тархсан тухай мэдээллүүд гарлаа. Урт богино янз бүрийн хугацаатай хоригдож байгаа тул амь нас нь үрэгдвэл хэн хариуцах бэ гэсэн иргэний асуудлыг танд уламжилъя. Эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн хувьд маш том эрсдэл үүсгэж буйг НҮБ, Хүний эрхийн байгууллагууд сануулж буйг танд мөн сануулъя.
9. Нүүрс тээврийн 2000 гаруй жолооч хоёр дахь тунгаа хүлээгээд машиндаа олон хонож байна гэсэн мэдээ гарч байна. Хүн талаасаа эдийн засаг талаасаа өдөр тутам, цаг тутам хохирч буй энэ мэт тохиолдлууд хэдий хүртэл үргэлжлэх бэ?

САНАЛ
1. 2021 оны төсөв батлах үед вакцины мөнгөө төсөвт суулгаачээ гэсэн хүсэлт шаардлагыг олон удаа тавьсан. Цар тахлыг хяналтаасаа алдсан нь тодорхой болсон тул музей, спортын ордон, залуучуудад зориулсан сургалтын оронд үнэтэй ч хамаагүй сайн вакциныг яаралтай авч иргэдийн эрүүл мэнд хамгаалахад зарцуулна уу.
2. УОК-н бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний комиссыг оруулахаа больсон байна. Хүний эрүүл мэнд, хүний амь нас, эрх чөлөөг хамгаалах энэ ажилд ХЭҮК-ыг оруулахгүй болсон нь том ухралт. Ийм учраас яаралтай бүрэлдэхүүнд нь оруулна уу.
3. Өнөөг хүртэл хэрэгжүүлж буй менежмент алдаанд хүргэж буй тул бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах замаар УОК-ын ажлыг эрс сайжруулна уу.''


УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.19
    2021/04/19

    С. Одонтуяа гишүүний тавьсан асуултанд хариулт авмаар байна. Маш зөв!

    Хариулах
  • 64.119.24.170
    2021/04/19

    Хуцваа!!Огцор, хал, соль гэхээс өөр юм мэдэхгүй мал авгай.Үүний хийсэн рийж чадах юм гэж юу байна

    Хариулах
  • 103.57.94.60
    2021/04/19

    Одон туяа зөв байна. Ерөнхий сайд Оюун Эрдэнэ сайн юм болох үндэсний баатар шиг гарч ирээд, саар юм болонгуут таг нуугдаж болохгүй. гарч ирж үнэнийг ард түмэнд хэлэх хэрэгтэй. Зоригтой огцрох хэрэгтэй.

    Хариулах