МХЕГ: Хүнсний худалдааны төвүүдэд зай бариагүй, иргэдийн халуун хэмждэггүй зэрэг зөрчил түгээмэл байна


Нийслэлийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд НМХГ-ын улсын ахлах 206 байцаагч, албан хаагчид давхардсан тоогоор хүнсний худалдааны 14976 төв, 50 хүнсний үйлдвэр, 873 эмийн сан, бусад 88 нийт 15987 газарт хяналт шалгалт хийжээ. Байцаагчид цар тахлын энэ үед халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг мэдээлэл, санамж, зөвлөгөө өгч, 6860 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн байна. Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 1486 зөрчил илрүүлж, үйлчлүүлэгч, иргэдийн хөдөлгөөний QR кодын бүртгэлд тавих дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж нь ажилладагүй, үйлчлүүлэгчийн халууныг тогтмол хэмждэгүй, хүн хоорондын зай бариагүй зэрэг зөрчил дутагдлыг арилгуулж, байгууллагын захиргаанаас тавих дотоод хяналтыг сайжруулан, худалдааны газрын тусгай нөхцөл шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Мөн нийслэлийн Засаг даргын гаргасан 18 хувиас дээш спиртийн  агууламжтай архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон захирамжийн  хэрэгжилтийг хангуулан архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй нийт 3740 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж эхэлжээ.

Хяналт шалгалтын явцад захирамж зөрчин үйл ажиллагаа явуулсан гар утас, цахилгаан бараа худалдаа, алт мөнгөний дархан лангуу, дугуй засвар, авто засвар, барилгын материалын дэлгүүр, тавилгын үйлдвэр, хоолны газар, сувиллын газар зэрэг 34 иргэний үйл ажиллагааг зогсоосон байна. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 42 заалт бүхий улсын байцаагчийн 11 албан шаардлага хүргүүлж, 14 хуулийн этгээд, 6 хувь хүнд торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн 26 аж ахуйн нэгж, таван иргэний хүнсний худалдааны газарт худалдаалагдаж байсан хадгалах хугацаа дууссан 69 нэр төрлийн 455 ширхэг 814397 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгууллаа хэмээн МХЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна