Таана, мангир түүхээр явсан хоёр иргэн сураггүй алга болжээ

2020 оны 06 сарын 26

Хэнтий аймагт сураггүй алга болсон 39 настай эрэгтэй, 5 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар тус багийн харьяат малчин 39 настай эрэгтэй Б, 5 настай эмэгтэй С нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр энэ мягмар гарагт буюу зургаадугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болсон дуудлагыг зургаадугаар сарын 24-ний өдрийн 06:40 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд зургаадугаар сарын 23-ны өдрийн 22:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж зургаадугаар сарын 24-ний өдрийн 04:00 цагт мотоциклыг нь Хёрхон голын эргээс олсон.

Өчигдөр буюу зургаадугаар сарын 25-ны өдрийн 05:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн хэсэг, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Баруун-Эрэг гэдэг газраас Хоргойт гэдэг газар хүртэл 35 км-т Хоёрхон голын эрэг дагуу явганаар самналт хийж, таван удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 19:00 цагт түр зогсоосон. Өнөө өглөө /06.26/ үүрийн 06:30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ОБЕГ

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.