“Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд алтан ширээ авч донгодуулаад ч засарсангүй бололтой


Төрийн өмчийн “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хууль зөрчсөн, тансагласан ноцтой баримтыг дурдвал нэлээн зузаан хавтаст “хэрэг”  үүснэ. Ёстой л улсын мөнгө уйлдаггүй гэдгийн тод жишээг “Эрдэнэт” үйлдвэрээс харж болох юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн томоохон орлого, зарлага Ерөнхий захирал М.Бадамсүрэн, орлогч Д.Үүрийнтуяа нарын гарын үсгээр баталгаажих учиртай. Гэтэл төрийн өмчийг удирдаж байгаа гэхэд итгэмээргүй үрэлгэн төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олонтаа ил болгосон. Тэдгээрээс сүүлийн үеийнхээс дурдвал, үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн хэрэгцээнд цэрэг, тусгайгийнхны ашиглах зориулалттай өндөр хамгаалалт, үйлдэлтэй гар утсыг таван сая төгрөгөөр худалдан авсан.  Мөн Италийн тансаг зэрэглэлийн тавилга үйлдвэрлэгч “Minotti Luigi & Benigno” брэндийн 17,280 еврогийн ширээ, мөн 15,040 еврогийн шкаф хоёр ширхэг буюу нийт 47,360 еврогийн тавилга худалдан авсан баримт ил болсон юм. Өөрөөр хэлбэл, 159 сая гаруй төгрөгөөр нэг ширээ, хоёр шүүгээ худалдан авчээ.  “Эрдэнэт үйлдвэр”-ийн авсан тавилгууд алтан эрдэнийн чулуун учраас тийм өндөр үнэтэй байхаас аргагүй аж.

Гэтэл саяхан тус газрын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа  “Эрдэнэт” үйлдвэрээс 79 сая төгрөг гаргуулж, байрандаа засвар хийлгэсэн байж болзошгүй баримт гарч ирэв. Тодруулбал, өнгөрсөн нэг жил улс даяараа бүсээ чангалж, зардлаа хэмнэж байхад “Эрдэнэт” үйлдвэрээс 79 сая  төгрөг гаргаж “Аж ахуй үйлчилгээний цехийн орон сууцны хэсгийн 2-р хороолол 8-р байрны 7, 8, 9 тоот”-ыг засуулжээ. Энэхүү орон сууцанд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа амьдардаг байж болзошгүй. Тухайн тоотод засвар хийх төсвийг Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир баталсан гэх ноцтой мэдээлэл ил болов.

 Мөн Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх “Эрдэнэт Үйлдвэр”-ийн хүнс худалдан авах тендерийн жагсаалтыг харахад, чангаанз 37,050,000 төгрөг, зэрлэг жимс 14,652,933 төгрөг, хар чавга 48,165,000, даршилсан мөөг 48,450,007 төгрөг, майонез 48,449,991 төгрөг, шилтэй алаг салат: 29,853,342 төгрөгөөр худалдан авахаар тендер зарлажээ. Өөрөөр хэлбэл, жимс, жимсгэнэд 230-аад сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. Үүнээс чангаанз, хар чавга, зэрлэг жимс худалдан авахад 99,867,933 төгрөг зарцуулах аж. Гэтэл цар тахалтай энэ үед ажилчдынхаа дархлааг дэмжинэ гээд ядаж л малчны хотноос очоод аарц, цагаан идээ худалдаж авсан бол ойлгохсон. Гэтэл зөвхөн компотонд 230 сая төгрөг зарцуулна гэдэг бас мөнгийг хайр найргүй цацаж байгаа хэрэг юм. Энэ мэтээр цар тахлын үед хэмнэх биш үрэлгэн зарцуулж буй сэтгэлгүй дарга нарыг холбогдох газрууд нь шалгана гэж найдъя.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.194.248
    2021/05/18

    Anhnaasaa l tansag luivarchid bsn odoo yaj zasrah ve? Uldej bui amidraldaa bolomj oldson bl ulaihgui l hiij bdag shuudee ene chin deedchuudiin gem bish zan ! Biee hurtel altaar orooj altsagnaad baidag bizdee?

    Хариулах